FC Barcelona

Ла Масиа гэж юу вэ???

Нийтэлсэн: Зочин

2018-10-21 18:26

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Та бүхэнд Барсэлонагийн нэгэн фэний бичсэн Ла Масиагийн түүхийг өгүүлье. 2010 онд бичсэн нийтлэл...
Гуйлермо Амор, Жозеп Гуардиола, Алберт Феррер, Сэржи Бархуан, Иван де ла Пена, Карлес Пуёоль, Чави Эрнандес, Габри Гарсиа, Пэпэ Рейна, Виктор Валдес, Андреас Иниеста, Сэрхио Гарсиа, Сэрхио Бускэтс, Боян Кркич, Лионель Мэсси, Сэск Фабрегас, Микэл Артета, Жерард Пикэ, Педро Родригэс, Жэффрэн гээд л нэрлээд байвал нэрлээд л байхаар... Барселона клубын аваргуудыг бэлтгэгч дархны газрын давтагдсан бүтээгдэхүүнүүд... Тэд Ла Масиагийн сурагчид...
Ла Масиа үргэлж л сод авъяастнуудыг бий болгож, тики-така (Испани маягийн нэг буюу хоёр хүрэлтээр тоглодог идэвхтэй довтолгоо) хэв маягтай сертификат олгодог. Энэ л шалтгааны улмаас Барселона клуб ямагт л Аваргуудын Аваргын төлөө тоглож байдаг билээ. 
XVIII зууны үед баригдсан жижгэвтэр бор энэ л байшинг ЛА МАСИА гэдэг. 1979 оноос хойш эдүгээг хүртэд энэхүү Камп Ноугийн сүүдэр дор даруухан орших энэ бор байшингаас 500 гаруй хүүхдүүд өөрийгөө боловсруулан гарч мэргэжлийн хөлбөмбөгчин болжээ. 11-18 насны 70 хүүхэд багтаах хүчин чадалтай ч 75 хүүхэд сургах үе ч гардаг байв. Мөн энд хүүхдүүдээс гадна дасгалжуулагч, эмч, тогооч, хүнсний мэргэжилтнүүд, физиологич, психологич нар ажиллах өрөө бий. Хөвгүүдийн унтах, амрах газар болох 4 дотуур байр Ла Масиагийн хажууд байх бөгөөд уужим, тохилог гэнэ. 
Чухам эндээс л хурцаар гялалзах одод төрдөг. Тасралтгүй хөдөлгөөн дунд явагдах богино, хурдтай дамжуулалтууд Ла Масиагийн нэрийн хуудас нь юм. 
1988-1996 онд Блаугранаг дасгалжуулж асан домогт Иохан Круйффын өөрийн цогцлоосон "Мөрөөдлийн баг”-таа Ла Масиагийн бүтээгдэхүүнүүд болох Пэп Гуардиола, Луйс Милла, Гуйлермо Амор, Сэржи Бархуан, Иван Де ла Пена нарыг тоглуулж байлаа. Тэд зүгээр ч тоглогчид байгаагүй, жинхэнэ гэрэлтэгч одод байсныг бид бүхэн мэднэ. Харин өнөөдөр Ла Масиагийн сор бүтээгдэхүүн Пэп Гуардиолагийн удирдлага дор бас л Ла Масиагийн бүтээгдэхүүн болох өнөө цагийн хамгийн аугаа хагас хамгаалагчдын хослол болох Чави, Иниеста нар тоглож байна. Тэдний тоглодог хөлбөмбөг хурдан, амжилттай, бишрүүлэм байдагтай хэн ч маргахгүй. Гуардиола нэгэнтээ ийн өгүүлсэн байдаг.
"...Тэд Ла Масиагаас л бусдаас онцлог шинжтэй дамжуулалтуудыг сурсан... Балчир наснаасаа Барсагийн өмсгөлийг өмсөн тоглож өсдөг нь онцлох зүйл шүү. Энэ бол багийн хувьд амин чухал зүйл. Нөгөө талаар клуб өөрийн урт хугацааны хөрөнгө оруулалтаа маш хямдаар бий болгож байгаа хэрэг. Та нар харж л байгаа байх. Пуёоль, Чави, Иниеста, Мэсси гээд л... Нүднээ ил байна. Эднийг бий болгосон зардал маш бага. Харин өнөөгийн үнэлгээ нь хэд бол? Би л гэхэд 13 настайдаа энд ирсэн. Тэд надад хэрхэн өсч хөгжихийг зааж өгсөн. Гайхалтай дурсамж үлдэж дээ. Би энд эцэг эхтэйгээ хамт ирсэн анхны өдрөө ямагт санадаг...” 
Энэ бол Ла Масиагийн Барселона клубт өгч буй өгөөж юм. Сүүлийн хэдхэн жилд Арсенал, Челси, Манчестер Юнайтед, Тоттенхэм, Уйган, Бирминхэм, Штутгарт, Бордо клубүүдийн төлөөлөгчид Ла Масиад зочлон энэ алдарт академи хэрхэн ажилладаг болохыг харсан гэдэг. 
Академийн захирал Карлес Фолгэра: "...Тоглогчид өөрийн мэддэг бүхнээ хүүхдүүдэд заадаг. Мөн клуб хүүхдүүдэд хүнс, захиргаа, багш нар, сургалтын материал мөн тэдний цалин хөлс, бусад шаардлагатай бүх зүйлээр хангадаг...” гэсэн байдаг. Энэ нь жилдээ 5 сая паунд болдог юм байна. 5 сая их мэт санагдавч боловсорсон бүтээгдэхүүнүүдийг нь харахад ямар бага зардлаар бий үнэт эрдэнэсүүдийг болгож байгаа нь нүднээ илхэн харагдаж байгаа билээ. 
Өглөө бүр хүүхдүүд хуучин байшингаасаа гарч, зайлшгүй суралцах хичээлдээ жирийн хүүхдүүдийн адил явж, үдээс хойш бэлтгэлийн талбайдаа ирэн эрчимт бэлтгэл хийдэг байна. 
Мөн захирал Фолгэра ийн хэлсэн юм. "...Миний бодлоор энэ хүүхдүүдэд 2 чухал чанар байдаг. Нөхөрсөг бөгөөд даруу төлөв зан чанар. Хүүхдүүд Барсагийн нэгэн хэсэг болохоор сонгогдсон боловч даруу төлөв байж л хүндлэлийг олох болно. Бид тэдэнтэй их мөнгөний тухай ярихыг хүсдэггүй. Хэрвээ чи даруу төлөв байж чадвал өөрийгөө бүхнээр тойрон хүрээлүүлж чадна. Гэхдээ энэ амар биш. Гэвч боломж байдаг. Та бүхэн Иниестаг хараарай. Тэр хэзээ ч их зан гаргадаггүй. Бас хүссэн бүхэн нь түүнд байна...” 
Гэхдээ Ла Масиа бол эрх хүүхдүүдийн зугааны газар биш. Тэнд тийм амар байхгүй. Зовох, гэрээ санах үе ирнэ. Үүнийг давж чадвал амжилтад хүрнэ. Үүний тод жишээ бол нэгдүгээр багийн 8 дугаартай тоглогч. 
Иниеста маань төв Испанийн Фуэнталбия хэмээх жижигхэн сууринд төрсөн бөгөөд эцэг, эх нь түүнийг 12 настай байхад нь Ла Масиад авчирчээ. Бяцхан хүүгийн хувьд дарамттай өдрүүд байлаа. Цочирдом, таагүй, уртаас урт өдрүүд... "...Яг л ертөнцийн төгсгөл ирсэн юм шиг санагдаж байлаа. Энэ бол шинэ амьдрал гэхдээ маш хүчтэй нөлөө үзүүлсэн амьдрал байсан. Эцэг, эх маань надаас салахад түүнд дасан зохицоход хэцүү хэтэрхий жаахан байсан. Аав, өвөө хоёр намайг бодсоор эхний шөнө нойргүй хоносон бол би бас эхний өдрөө юу ч идэж чадаагүй. Гэвч тэд надад яагаад ингэж байгааг сайн ойлгуулсан. Би гэр рүүгээ өдөр болгон л утсаар ярьдаг байлаа. Хэрвээ аав, ээжтэйгээ ярьж чадахгүй бол шөнө нь унтаж чадахгүй байдаг байлаа. Гэвч Ла Масиагийнхан чамайг хайрлаж, чамд туслах болно гэж эцэг эх маань хэлдэг байсан. Тэд ч тэгсэн...” гэж Дон Андреас дурссан байдаг. 
Ла Масиа зөвхөн хэмнэх, бага зардлаар од бий болгох газар бас бишээ... Ла Масиагийн зорилгын нэг том хэсэг бол бусдад туслах. 2000 онд 13 настай Мэсси Ла Масиад ирлээ. Тэрээр ясны гормоны өөрчлөлттэй байсан тул хэвийн өсөлттэй хүүхдүүдээс 20 гаруй сантиметрээр намхан байлаа. Түүний өсөлтийг дэмжих эмчилгээг хийх зардал эцэг эхэд нь байсангүй. Угийн хөлбөмбөг тоглох авъяас байв ч олон олон багууд түүний өвнөөс нь болж өөрийн багтаа авахаас татгалзаж байлаа. Гэвч Барселона клуб, Ла Масиа түүнийг авахыг зөвшөөрсөн. Түүний эмчилгээг даахаар болсон. Гэвч энэ нь багийн хувьд ямар зөв алхам байсныг одоо бид харж байна. Мэсси одоо л цоороод байгаа юм биш. Тэрээр Ла Масиад ирсэн анхны тоглолтдоо л тавын таван гоол оруулж өөрийгөө жирийн нэгэн биш гэдгээ батлан харуулж байсан гэдэг. 
"Хүүхдүүдэд ялахын төлөө тоглохыг заадаггүй ч хэрхэн хөлбөмбөгчин болохыг сургадаг” гэж дэлхийн шилдэг маань хэлсэн байдаг. 
Хүүхдүүд Ла Масиад ганцаараа амьдардаггүй. Нэг өрөөнд хоюулаа байдаг гэнэ. Мэсси маань сагсны багийн тоглогч хүүхэдтэй хамт нэг өрөөнд амьдардаг байжээ. Юу гэсэн үг вэ? гэхлээр Ла Масиад зөвхөн хөлбөмбөгийн клубын академи байдаггүй. Тэнд сагсан бөмбөг, хоккей, гандбол гэх мэтчилэн Барсагийн бүх л багуудын залуу халаа бэлтгэгдэж байдаг ажээ. 
Ла Масиагийн өрөөний найзуудаас од бологсод олон. Эвертоны Микел Артета, Ливерпулийн Пэпэ Рейнатай нэг өрөөнд амардаг байсан бол Иниеста, Валдестай цуг буу халцгаадаг байв. Хүүхдүүд жилийн 11 сарыг нь Ла Масиад өнгөрүүлдэг аж. Үлдсэн нэг сар нь амралт буюу гэртээ харина даа... Аав, ээж, ах дүүстэйгээ гэртээ байна. 
Хүүхэд л юм хойно зүггүйтнэ. Зүггүйтсэн бол шийтгэл авах нь тодорхой. Зөрч гэж дүрэм, журам байдаг гэж нэг үг байдаг. 
"...Бид цагаа үүдний коридорт өнгөрөөх дуртай байсан. Тэнд хөлбөмбөг тоглож, өрөөний хаалгыг талбайн хаалгаар төсөөлөн тоглодогсон. Тэгж байгаад их дуу чимээ гаргана. Захирал ингэж байгааг мэдвэл биднийг шийтгэдэг байсан. Тэгээд л бид өрөө рүүгээ алхаад марш шүү дээ...” гэж Иниеста дурсамждаа өгүүлжээ. Гэрээ санаад бэтгэрэх дөхөж байсан хүү зүггүйтэхтэйгээ болсон хэрэг.
Ла Масиад сурсан, түүнийг дүүргэсэн бол нэг зүйл төлөвшин үлддэг аж. 
"Та клубыг, түүний бэлэгдлийн өнгийг эндээс мэдрэх болно. Хувь хүний хувьд энэ бол зөвхөн хөлбөмбөг биш. Фэнүүд багтай илүү ихээр холбогдох болсноо эндээс л мэдэрдэг байх гэж би боддог. Яагаад гэвэл тоглогчид нь эндээс л төрөн гарсан болохлээр шүү дээ....” гэж Пикэ маань Манчестер Юнайтедаас эргэн ирснийхээ дараа ярьсан байдаг.
Энэ бол яагаад Ла Масиа онцгой байдгийн тайлбар болно. Зүгээр ч нэг академи биш гэдгийг илэрхийлж байгаа юм. Ла Масиад суралцана гэдэг нэр төрийн хэрэг. МӨРӨӨДӨЛ ХҮРЭХ ЗАМ. 
Педрито хүүг хар л даа. Жинхэнэ мөрөөдлийн замналаараа явж байна. Гайхалтай замнал шүү... Түүний замнал бартаа саадтай ч бай баялаг, амжилт, өрнөлт дүүрэн байг...
Ла Масиад хүүхдүүд өдөр бүр яадаг бол? Юу хийдэг бол? Ла Масиагийн жирийн нэг өдөр дараах байдалтай өрнөдөг гэнэ. 
7am: Өглөө боллоо. Орноосоо босоорой...
7.30am: Бүгдээрээ хамтдаа өглөөний цайгаа ууцгаана.
8am: Хүүхдүүд бүгд мини автобусаар хотын төвд байх сургуульдаа очицгооно.
2pm: Сургуулиас эргэн ирээд үдийн цайгаа нийтээрээ ууцгаана.
2.30pm: Зарим нь гэрийн даалгавараа хийж, бусад нь амарцгаана.
4pm-6pm: Эрчимжүүлсэн бэлтгэл хийнэ.
6.30pm: Зааланд очиж, бэлтгэл хийх ба хэрхэн бие махбодио цуцаахгүй, гэмтээхгүй тоглох ёстойг сурна. 
9pm: Нийтийн оройн хоолоо иднэ дээ.
10pm: Орондоо орох цаг болжээ. Зарим хүүхдүүд шууд унтах бол бусад нь гэрэл унтрах хүртэл ном уншиж, хөгжим сонсох буюу гэрийн даалгавараа хийж болно. Ингээд хорвоогийн нэг өдрийг барна.
Ийм хэмнэлтэй олон жилийг үдсэний эцэст супер одод Барселона клубын нэгэн хэсэг болдог. Тийм амар биш байгаа биз? 
Нийтлэлийг бичсэн: Амартүвшин(posiedon)

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.