Аваргуудын Лиг
Ганбаатар
2024-04-24 18:55
Милантай хийсэн тоглолтын анализ
Дэлхийд сүүлийн хэдэн жил маш өндөр амжилттай явж буй Барсэлона клубын хувьд Милан клуб төвөггүй өрсөлдөгч мэт санагдаж байв. Хөгжөөн дэмжигч нь Миланд эхний тоглолтонд хожигдохыг төсөөлөх биш шөвгийн наймын учраагаа л төсөөлчихсөн явж байв. Милан клуб Барсэлона клубын хөгжөөн дэмжигчдийн хувьд өрсөлдөгч биш байв. Тэдний нүдэнд хагас шигшээ финал л харагдаж байсан. Бүх фанатууд Миланыг төвөггүй мултална гэж бодож байсан нь ойлгомжтой. Ингээд хүндхэн болсон тоглолтын талаарх өөрийн дүгнэлтээ хүргэж байна.
Эхний тоглолт:
Сан Сирод болох тоглолтын өмнө Барсэлона клуб Ла лигийн тэргүүнд явж байсан бөгөөд үндсэн дасгалжуулагчгүйгээр тоглох байсан боловч асуудал багатай байсан юм. Өнгөрсөн жил нь Массимо Аллегри ялагдал хүлээсэн учраас энэ удаад Барсэлонагийн эсрэг маш сайн бэлтгэлтэй орж ирсэн. Барсэлона клубын төвийн шугам маш аюултай. Төвөөс бүх хор гардаг. Тики така ч төвөөс ирдэг. Бөмбөг эзэмшилт төвөөс холбоотой. Жигүүрт явж буй тоглолт ч төвд буй бөмбөггүй тоглогчийн гүйлттэй холбоотойгоор амжилттай болдог нь Барсагийн гол давуу талуудын нэг. Бусад багууд талбайн аль ч цэгт байсан төвийн бөмбөггүй тоглолтыг тэр бүр ашигладаггүй. Харин Барсэлона бол ондоо. Тиймээс төвийн тоглогчид маш чадварлаг байх ёстой. Цэвэрлэгээний байрлал дээр тоглож буй Сэрхио Бускэтсийн чадва маш өндөр, бөмбөггүй тоглолт, гүйлт зэрэг нь маш зөв учраас багийн бүх байрлалд өөрийн нөлөөгөө үзүүлдэг. Харин Шавин Иньэста Мэсси мэтийн тамирчид талбайн төвөөс янз бүрийн уян хатан үйлдэл гаргадаг. Энэ нь Барсэлонагийн бүх аюултай довтолгооны эхлэл болж байдаг. Энэ учрыг одоо болтол багууд олж чадаагүй. Интэр, Чэлси мэтийн багууд байрласан хамгаалалтын сонгодог жишээг харуулсан боловч төгс байж чадаагүй. Барсэлона клубын довтолгоо чөлөөтэй биш юмаа гэхэд ямар нэг байдлаар аюул тарисаар л байсан. Ялангуяа Чэлси дээр Барсэлона төвөөр болон жигүүрээр хангалттай нэвтэрч байсан. Манайхны хар үгээр хэлж заншсанаар хана маягийн хамгаалалт босгочихсон. Барсэлона шижилт сайтай баг учраас Чэлсиг бол амархан нэвтэлж байсан. Эцэстээ өөрсдөө алдаж өөрсдөө пэналти алдаж хожигдсон. Харин Милан бол Чэлси Интэрээс хэд дахин төгс байсан. Өмнө жил Аллэгри үүнийг олж харж төвийн шугамыг ажилгүй болгох аргыг хэрэгжүүлсэн. Арын дөрвөн хамгаалагч Англи стиллээр хөдөлгөөн гүйлт багтай байрласан хамгаалалт хийнэ. Харин 4 хамгаалагч дээр нэмэгдэж буй 3-н хагас хамгаалагч төвийн шугамыг хамаг хорыг үгүй хийх ёстой. Миланыхан төдийлөн сайн арга олж чадаагүй учраас төвөөс орж ирсэн тоглогчийг ээлжлэн цэвэрхэн унагаах, хувийн ур чадвараар зогсоох аргыг л хэрэглэж байсан. Гэхдээ анхаарал маш өндөртэй. Гэвч бас л дийлээгүй. Харин энэ жилийн хувьд тэр сууриа Аллэгри хэвээр нь хадгалж аргаа илүү боловсронгуй сайн болгосон. Нэг ёсондоо Барсэлонагийн учрыг бүрэн утгаар нь олчихсон. Арын дөрвөн хамгаалагч мөн л байрласан хамгаалалт хийж, шилжилт хөдөлгөөн бага хийнэ. Барсэлона шиг тэмп өндөртэй чадварлаг багийн эсрэг шилжилт хөдөлгөөн их хийнэ гэдэг маш том эрсдэл дагуулна. Тийм учраас энэ зөв. Үүнийг Чэлси Интэр мэтийн багууд ч хэрэглэж байсан. Харин хагас хамгаалалтын шугаман дээр 4+3 болж орж ирж буй 3-н хагас хамгаалагч үнэхээр сайн гэхэд дэндүү сайн ажилласан. Амборосини дээр Монтолови, Мунтари нар нэмэгдэж хамгаалалтанд тусалсан. Арын 4 хөдөлгөөн багатай учраас энэ 3-ын хөдөлгөөн маш сайн байх шаардлагатай байсан. Тэр ч утгаараа маш гайхалтай ажилласан. Барсэлонагийн төвийн довтолгоо явах үед гурвалжилсан хамгаалалтын хувилбар нэхэлт хийж төвөөр ямар ч зай өгөөгүй. Байрлал, ойлголцол дээр ямар ч алдаа гаргаагүй. Бие биенийхээ нөхөх тал дээр ярих юм байхгүй. Ийм гайхалтай хөдөлгөөнүүд Иньэста, Шави, Фабрэгас, Мэсси нарыг жинхэнэ ажилгүй болгосон. Тэдний эсрэг зохицох төгс ажиллагаа нь энэ байлаа. Дээрээс нь урд байрлаж байсан Эл Шараави, Боатэнг нар хамгаалалтанд сайн туслана. Гүйлт ч сайн хийсэн. Паззини ардаас ирсэн дамжуулалтуудыг өөр дээрээ удааж Барсэлона шиг бөмбөг сайн баридаг багийн эсрэг багтаа бөмбөг сайн хадгалж чадаж байсан. Бөмбөг алдалт ч бага байсан. Үндсэндээ хамгаалалтын энэ хувилбар ер нь Барсэлонаг дийлэх хамгийн том зэвсэг ч байж болох. Цаашдаа бусад багууд энэхүү хувилбарыг өөрийн тамирчиддаа зориулж бага зэрэг өөрчилж буулгаад хэрэгжүүлвэл Барсэлона клубыг төвөггүйхэн буулгачихаар харагдаж байлаа. Дээрээс нь Барсэлона клубт нөөц төлөвлөгөө, шинэ сэдэл дутаж байв. Довтолгоо үр дүнгээ өгөхгүй тохиолдолд нөөц зүйлүүд хэрэгжих ёстой боловч нэг л байдлаараа довтолсоор тоглолтыг дуусгасан. Дасгалжуулагчийн нөлөө гэж миний хувьд дүгнэж байна. Тактикийн бэлтгэл багаар тийм ч өндөр байгаагүй. Тиймээс үүний дараа ч Реал Мадридад 2 удаа хожигдсон. Тамирчин бүрийн шийдвэрийн алдаанаас болж олонтаа сөрөг зүйл бий болох нь ажиглагдсан. Үндсэндээ энэ тоглолтын хувьд Миланы төгс хувилбар байсан. Миний хувьд өндөр зэрэглэлийн тамирчид багатай ч ийм өндөр хувилбарыг бэлдсэн Аллэгриг магтан сайшаамаар байна.
Хариу тоглолт:
Эхний хэсэг дээр Аллэгриг магтсан. Миланы тоглогчдын чадварыг гайхсан. Гэтэл энэ тоглолтон дээр энэ хэсэг дээр би тэднийг дээдийн дээдээр шүүмжилмээр байна. Милан том тамирчидгүй, өндөр зэрэглэлийн дасгалжуулагчгүйн хар гай гарсан гэж хэлж болно. Өндөр зэрэглэлийн тамирчид сэтгэлзүй өндөртэй. Аллэгри ч тийм мундаг мэргэжилтэн биш болох нь батлагдсан. Гайхалтай хувилбарыг эхэлж бэлдсэн хэрнээ сүүлд ийм хариуцлагагүй байсан нь тааруу дасгалжуулагчаас л гарах үйлдэл. Андрэ Виллаш Боаш ч юм уу, Брэндан Роджэрс, Лаудруп мэтийн дараагийн үйлдлээ сайн төлөвлөдөг, алсаа хардаг, хожсон ч тайван байж дараагийн зүйлээ давч гарч чаддаг дасгалжуулагч байсан бол Барсэлонаг төвөггүй тэмцээнээс хасах байв. Тамирчид эхний тоглолтын бүтэлтэй тоглолтын дараагаар сэтгэлзүйгээ тэр чигт нь эвдээд хаячихсан нь харагдаж байлаа. Тамирчдын талбай дээр байж буй байдал, гаргаж буй үйлдэл, шийдвэр гаргах зориг зэрэг нь Миланыхан хэтэрхий олон зүйлийг толгойдоо бодчихсон гарч ирснийг илтгэж байсан юм. Магадгүй хэрэв шалгарвал бид яах билээ, дараа нь ямар баг гарч ирэх бол, Барсэлонад хожигдчихвол яана, энэ үр дүнгээ хадгалж чадахгүй бол яана гэсэн айдас гэх мэт хэтэрхий олон төрлийн бодол толойд эргэлдэж байсан нь гарцаагүй байсан. Түүнээс болж тамирчдын шийдвэр гаргах зориг эрч хүч нэг л мохоо байдалтай, айдастай байсан юм. Үнэхээр мундаг дасгалжуулагч бол ийм том хожил авсны дараа тамирчдынхаа сэтгэлзүйтэй харицах ёстой. Тамирчдын сэтгэлзүйг хэвийн хэмжээнд бариж, элдэв янзын бодлыг толгойноос авч явах ёстой. Зөвхөн тактикийн мэргэжилтэн байгаад амжилтанд хүрэхгүй. Харилцаа гэдэг том чадвар үүн дээр нэмэгдэх ёстой. Тэгж байж Гуардиола шиг, Фэргусон шиг мэргэжилтэн болно. Андрэ Виллаш Боаш өнгөрсөн жил Чэлсид идээшээгүй шалтгаан энэ. Харилцаан дээр сайн ажиллаж чадаагүй. Андрэ Виллаш Боаш уул нь тактикийн тал дээр, ер нь харилцаанаас бусад тал дээр Гуардиола, Фэргусон, Хиддинкийн хэмжээнд дөхнө. Харилцаа тийм мундаг биш учраас дээд зэрэглэлийнх байж чадахгүй байгаа юм. Гэхдээ цаг хугацаа түүнийг улам хурцлах биз. Үндсэн яриандаа эргэн ороход Барсэлона клуб эсрэгээрээ асар том сэтгэлзүйн бэлтгэлтэй орж ирсэн. Үнэхээр том баг, дээд зэрэглэлийн тамирчид, олон удаа сүүлийн шатанд том тоглолт хийсэн тамирчид аргагүй ондоо байсан. Гаргаж буй үйлдэл, сэтгэлийн тэнхээ хат үнэхээр ярих юм байхгүй мундаг. 2:0 гэсэн том үр дүнгээс гадна Реал Мадридад 2 удаа хожигдсон нь тамирчдын сэтгэлзүйг хөсөрт хаях ёстой байсан боловч үнэхээр том өөрчилөлт Барсэлонад харагдсан. Сэтгэлзүйн хүч тамирчдын чадвар тэхник гэдэг зүйл Барсэлонагийн гол түлхүүрийн нэг гэдэг нь үүн дээр батлагдсан. Дээрээс нь Аллэгри тактик тал дээр нэг зүйл дээр маш том алдсан. Өмнөх тактикийн хувилбараа ахин туршихад алдах зүйл тийм ч их байгаагүй гэж миний хувьд үзэж байна. Гэвч өнгөрсөн улирлын Чэлсигийн хийсэн цэвэр байрласан шилжилт хөдөлгөөн багатай ханан хамгаалалтыг сонгосон. Энэ хамгаалалтын учрыг олохдоо Барсэлона сайн тул тэр дор нь нэвтэлж чадсан. Хэт хойшоо суусан нь тэдний алдаа байсан. Хамгаалах нь алдаа биш байсан ч хамгаалалтын бүсийг хэт хойшлуулж, прэссинг багатай, байрласан, шилжилт хөдөлгөөн багатай байсан нь тэдний хожигдох үндсэн шалтаг байв.
Эцэст нь хэлэхэд эхний тулаан жинхэнэ тактикийн тулаан байв. Милан гайхалтай байсан. Тэдний хувилбарыг манай фанатууд яг Чэлситэй ижилхэн, зүгээр л утгагүй хамгаалалт гэх боловч үнэндээ тийм биш. Шинэ хувилбар, шинэ тактик, өмнө нь давтагдаж байгаагүй хамгаалалтын хувилбар юм шүү. Тэдний энэ хувилбар гайхалтай гэж ахин давтан хэлье. Харин хор дахь тулаан бол сэтгэлзүйн тулаан байв. Өндөр зэрэглэлийн баг ямар байдгийг Барсэлона утгаар нь харуулж бут ниргэсэн. Милан сайн өрсөлдсөн сайн тэмцсэн, тэд дараа Барсэлонатай таарахад илүү гай тарих нь тод биз ээ...
© Хөгжүүлэгч
Хөгжүүлсэн