Мэдээ
Amapaa
2024-11-29 01:46
Барселона багийг олон жилийн турш амжилттай удирдсан Пеп Гвардиола..
Барселона багийг олон жилийн турш амжилттай удирдсан Пеп Гвардиола ирэх зунаас Бундеслигийн үнэмлэхүй аварга Байерн Мюнхентэй ажиллахаар боллоо. Энэ талаар Лхагва гарагт Мюнхений багийн удирдлагууд мэдээлэл хийсэн байна. Германы хэвлэлүүд энэхүү явдлыг Бундеслигийн 50 жилийн түүхэн дэх хамгийн дуулиант солилцоо хэмээн нэрлэж байна.
"Бид нэр хүндтэй олон багуудын өрсөлдөөнд ялж, Пеп Гвардиолаг Байернд авчирсандаа туйлын баяртай байна. Гвардиола бол дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагч бөгөөд зөвхөн Байернд ч биш германы хөлбөмбөгт олон гялалзсан мөчүүдийг бэлэглэнэ гэдэгт бид итгэж байна” хэмээн Байерны удирдах зөвлөлийн дарга Карл Хайнц Румменигге хэлжээ. Гвардиола Байернтай 2013/2014 оны улирлаас 2016 он хүртэл 3 жилийн гэрээ байгуулсан байна. Байерны одоогийн дасгалжуулагч 67 настай Юп Хайнкес энэ улирлыг дуусгаад дасгалжуулагчын карьераа дуусгах талаар эртнээс дохио өгсөөр байсан ба зул сарын баярын үеэр Байернтай гэрээгээ сунгахгүй гэдгээ дахин мэдэгджээ. Байерны хүндэт ерөнхийлөгч Франц Бекенбауэр " Гвардиола болон Заммер хамтран ажиллах нь өөр хаанаас олох боломжгүй шилдэг холбоос гэдэгт би итгэж байна” гэжээ.
Пеп Гвардиола Бундеслигийн түүхэнд Байерны 9 дэх гадаад дасгалжуулагч болж байгаа юм. Гвардиолагийн зөвлөх Хосе Мариа Орботигийн хэлсэнээр " Байерн түүнийг сонирхож байсан клубүүдээс хамгийн сайн төсөлтэй нь байсан учраас сонгосон. Байерн бол хамгийн их мөнгийг амласан баг биш байсан” "Хамгийн гол нь Гвардиола энэ багийн зохион байгуулалт, багийн тоглогчид болон ирээдүйн боломжыг нь харж шийдвэрээ гаргасан” гэжээ.
© Хөгжүүлэгч
Хөгжүүлсэн