Холбоодын цомын финалын тоглолт тун тааварлашгүй болж өндөрлөсөн. Сүүлийн жилүүдэд босоо байсан, ялагдал гээчийг мартсан испаничууд энэ удаад яагаад хожигдов? яагаад ингэж бут ниргүүлэв? Эдгээрийн хариултыг өөрийн анализаар нэг олох гээд үзье.
Барсэлона арга бари vs Бразилын Прэссинг
Энэ тоглолтын хамгийн гол зангилаа нь яалтчгүй прэссинг буюу нэхэлт байсан. Үзэгч та бүхэнд ч гэсэн тодорхой харагдсан байх. Бразилчууд тоглолтын эхнээс л маш өндөр тэмптэй тоглолтыг үзүүлж, Испаничуудыг довтлох аргагүй болтол нь прэссинг хийж байсан. Испаничуудын массыг Барсэлона клубын тоглогчид эзэлдэг учраас ер нь бол Барсэлона хэв маягаар тоглодог. Тиймээс Барсэлонагийн эсрэг хийдэг хамгаалалтыг хийх нь хамгийн зөв шийдвэр байх байсан. Гэтэл Сколари дэлхий нийтийг гайхашруулж шал өөр хэв маягийг ашигласан. Барсэлонаг ойрын жилүүдэд дийлсэн багуудаас Интэр, Чэлси багууд ихэвчлэн байрласан хамгаалалт хийж байсан. Мөн Италийн Милан клубын 2:0-ээр Барсаг хожсон тоглолтыг дуридаж болно. Ялангуяа Милан Интэр хоёрын хамгаалалт Барсаг хөдөлгөөгүй. Айлын зооноос эхлээд нэхэлт хийх биш хүлээж хамгаалж байсан. Тиймээс Барсачууд хичнээн их бөмбөг эзэмшлээ ч хаалга руу довтолгоон явуулж чадахгүй байсан шалтгаан энэ. Бөмбөг алдалт хийхгүй гэсэн ч айлын тоглогчид байрласан хамгаалалтанд орсон учраас нэвтрэхэд асар бэрх байсан. Тиймээс Барсэлона арга барил буюу тики-такаг зогсоох хамгийн сонгодог арга нь прэссинг биш хүлээж хамгаалах буюу байрласан хамгаалалт байсан. Өмнө нь Реал Мадрид зоригтойгоор прэссинг хийж тоглож байсан боловч үр дүнд хүрэлгүй түүнийг нь Барсачууд даваад байсан учраас олон гоол алдаж 5:0 гэх мэт олон тооны зөрүү харагдаж байсан. Тиймээс энэ удаад Бразилчуудыг ийм хамгаалалт хийх магадлал өндөртэй гэж бодож байв. Прэссинг хийлээ ч тийм өндөр үр дүнд хүрэхгүй болов уу гэж бодож байлаа. Гэтэл эсрэгээр прэссингийг маш сайн хийж чадсан. Прэссингийн бүсийг илт урагшлуулж зогсоо зайгүй нэхэж байсан. Эхний бүсийн нэхэлтийг Испаничууд давж чадлаа ч дараагийн бүсээс ахин нэхэлт хийж эхэлж байсан учраас айлын бүс рүү ороход асар хүндрэлтэй байсан. Дээрээс нь нэхэлт нь дарамт үзүүлж чөлөөтэй тоглолтыг нь боохоос гадна ихэвчлэн амжилттай болж Испаничуудаас бөмбөгийг салгаж байсан учраас Бразилчууд сөрөг довтолгоо хийх боломжийг маш их олгож байсан. Үүний үр дүнд Нэймарын гоол орсон. Эхний 10 минут прэссингийн бүс маш урд байсан. Дээрээс нь эрчимтэй хийж байсан учраас тоглогчид ядрах аюул үүсч байлаа. Гэхдээ прэссинг хийхэд их гүйлт шаардагдаж байхад Оскар хамгийн урд талын тамирчин болж ихэнх гүйлтийг хийж Фрэд ердөө дамжуулах орчинг хааж бөмбөггүй тоглолтыг хийж байсан. Тиймээс Фрэд гүйлт бага хийж байсан. Бразилчуудын довтлогчоо ядраахгүй гэсэн нэг санаа байх. Удалгүй тамирчид цуцаж эхлээд эрч буурч ирэх үед Бразилчууд прэссингийн бүсийг илт хойшлуулж өөрийн бүсээс хийж эхэлсэн. Ийм үед Иньэста Мата мэтийн тамирчид их аюул тарих учраас Испаничуудын бөмбөг дамжуулах орчинг нь хаах гэж зорисон. Бөмбөг Шави Иньэста мэтийн тамирчид дээр ирэхэд гүйлт хийх болон дамжуулах орчинг нь бүрэн хааж байсан. Нэг ёсондоо маш сайн бөмбөггүй тоглолт хийж эхэлсэн. Дамжуулалтыг хаалтнаас гаргаж өөр тамирчин луу шилжүүлэх үед маш сайн дагаж шилжиж байсан. Өөрөөр хэлбэл шилжилт хөдөлгөөнийг маш сайн бэлдсэн гэсэн үг. Ийм хоёр үе шатыг дамжсан учраас Испаничууд тэрхүү прэссинг болон дөрвөлжилсөн хамгаалалтыг яаж ч хичээгээд давж чадаагүй. Дээрээс нь бөмбөг алдалт их хийж байсан учраас Бразилчууд сөрөг довтолгоонд амархан шилжиж байлаа. Ерөнхийдөө Испаничуудын эсрэг тэд man-to-man хамгаалалт буюу нэг хүнийг нэг хүн хамгаалах буюу дагалдаж гүйх маягаар хамгаалсан(бөмбөггүй тамирчдыг). Харин бөмбөгтэй тамирчидтай дээр дуридсан арга барилаар хамгаалж тоглосон.
Хорди Алба vs Халк
Халк жигүүрийн тоглолт сайн, цохилт сайтай , гүйлт сайтай тамирчин. Тиймээс түүний эсрэг нэгийн эсрэг нэг сайн тоглодог хамгаалагч тоглох ёстой байсан. Албагийн хувьд өмнөх тоглолтууд дээр маш сайн тоглож олон мэргэжилтнүүдээс магтаал сайшаал хүртэж байсан. Албаг Халкийн эсрэг тоглоход Мата нэмэлт хүч болж дагаж гүйх ч юм уу, нэмэлт суппортны тоглолтыг үзүүлж байсан. Харин яг үндсэн нэгийн эсрэг нэг тоглолтыг Алба л ганцхан хийж байсан. Гэвч Алба тийм үр дүнтэй хамгаалж чадаагүй. Хөндлөн дамжуулалтуудыг чөлөөтэй хаяуулж байсан нь гоол орох үндсэн шалтгаануудын нэг болсон.
Бразилын тухайд
Дээр дуридсанчилан Бразилын шигшээ баг прэссинг сайн хийж, улмаар бөмбөг таслалт айлын бүсэд сайн хийж байсан. Улмаар айлын прэссинг амжилттай болж бөмбөг алдагдаж буй нөхцөлд Испаничууд байрлалын хувьд замбараагүйтэл үүсэж хурд хүчтэй довтолгооны хослолууд нэвтрэхэд илүү амар болж ирж байв. Бөмбөг эрт алдагдаж буй үед Сэрхио Бүскэтс тасалгааны чиглэлд ганцаардаж буй нь анзаарагдсан. Хажууд нь Алонсо тоглож байсан бол Бразилын довтолгоо тийм чөлөөтэй орж чадахгүй байсан болов уу. Ядахдаа Бүскэтсийн оронд Мартинэзийг ашигласан бол арай дээр сонголт байсан байж болох юм. Мартинэз Бүскэтсээс бөмбөггүй тоглолт хол дутуу. Гэвч Испаничуудад бөмбөггүй тоглолт хийдэг тамирчнаас илүү тэхник өндөртэй, хөдөлгөөн хурдантай тамирчин хэрэгтэй байсан. Мартинэз өөрөө төвийн хамгаалалтанд хүртэл тоглож байсан тул Оскар Нэймар Паулиньо нарыг зогсооход илүү түлхэц болох байсан биз. Испанийн хамгаалалтын бас нэг сул тал нь Пикэ байсан. Пикэ биеийн хүчний тоглолт, бөмбөгийн мөргөж гаргах, хөндлөн дамжуулалт зайлуулах гэх мэт 16-ийн дотор болж үйл явдалд илүү сайн оролцож баг авардаг. Гэтэл Пикэ яг нэгийн эсрэг нэг хамгаалалт хийхэд үнэндээ тааруу. Хамгийн том жишээ бол Нэймарыг унагаж улаан хуудас авсан явдал. Нэймар хурдтай ч тухайн нөхцөл байдалд тийм ч хамгаалахад хэцүү хууралт хийгээгүй. Пикэ өөрөө хөл тавьж хуурагдаад ардаас нь унагачихсан. Хамгаалагч хүн нэгийн эсрэг нэг тоглохдоо түрүүлж хөл тавьдаггүйг Пикэ санасангүй. Мөн тэрээр Эль Класико дээр сөрөг довтолгоон хийж байгаа тамирчны эсрэг маш муу тоглож байсан нь ч хэд хэдэн удаа анзаарагдсан. Мөн Бразилын шигшээ баг довтолгооны явцад Бразил хэв маягтай нэгийн хүрэлтээр чадвар шаардсан дамжуулалтыг их явуулдаг учраас олон тамирчидтай ажилладаг биш нэгийн эсрэг нэг тоглодог Арбэлоагийн жигүүрээр голцуу нэвтэрэхийг зорисон. Тэр нь ч үр дүн сайтай байсан. Эхний үед нийт довтолгооны 43 хувь дараагийн үед 40 хувь нь зүүн жигүүрээр буюу Испанийн баруун жигүүрээр орж ирсэн нь үүнийг гэрчилнэ. Баруун болон төвөөр тус бүр 20 орчим хувьтай л довтолсон байна.
Мөн Бразилын хамгаалагчдыг магтах нь зүй ёсны хэрэг. Тэдний урд талын шугам ажлаа сайн хийж байсан төдийгүй тэдэн рүү нэвтрэх үед ч хамгаалагчид маш сайн ажиллаж байсан. Ялангуяа Луйсийн Пэдрогийн бөмбөгийг шугаман дээрээс гаргасан нь хамгийн том хамгаалалт байлаа. Улмаар зөрөөд Нэймарын гоол орсон. Мөн Торрэсийг тоглох орчинг нь огтхон ч бүрдүүлээгүй. Матаг чөлөөтэй гүйлгээгүй. Нээгдэх нь боломжийг нь ч хаасан гэх мэт.
Испанийн дутагдал
Тоглолтын төгсөл рүү Испаничууд тоглолт болохгүй байгааг анзаарч тактикийн биш гоцлон тоглолтоор довтолгоог явуулахыг зориж эхэлсэн. Энэ ч зөв шийдвэр. Навас гэсэн жигүүрийн гоцлон сайн хийдэг тамирчинг, мөн арын тамирчдаас хамаарахгүй өөрийн тоглолтоо гаргадаг Вилья гэх мэтийн тамирчдийг оруулж ирсэн нь нүдээ олсон шийдвэр байсан. Гэвч Вильягийн форм муу байгаа учраас үр дүн өгөөгүй. Навасын зэрэглэл дутсан учраас тоглолтыг эргүүлж чадаагүй. Тиймээс энэ бол Испанийн хамгийн том дутагдал. Гоцлон сайн хийдэг, зоригтой, өөрийнхөөрөө тоглодог тамирчид ийм үед маш их хэрэгтэй байдаг. Миланд Барсэлона 2:0-ээр хожигдсоны дараа Мэсси л гоцлон хийж 2 гоол оруулж багаа ялалтанд хөтөлсөн. Реалыг хожигдох байх мөчид нь Роналду гоцлон хийж багийн тоглолтыг сэргээж өдөөж өгдөг. Роббэний өөртэй итгэлтэй тоглолт нь гоол болох нь элбэг. Ван Пэрсигийн тэхникийн чадвар нь асар их гоолыг бэлэглэдэг гэх мэт. Ихэнхдээ тактикийн тоглолтоос гадна хувийн тоглолт сайн хийдэг тамирчид багийг хэрхэн авардаг жишээ энэ. Тиймээс Испанид ийм тамирчин маш их дутагдаж байгаа нь энэхүү тоглолтоос тод анзаарагдлаа...