FC Barcelona

ФЦ Барселона багийн үүсэл (1899-1922)

Нийтэлсэн: Зочин

2024-05-22 01:50

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

ФЦ Барселона багийн үүсэл (1899-1922)

1899 оны 10-р сарын 22-нд Жоан Гампер Лос Депортес сонинд хөлбөмбөгийн баг байгуулах тухай зарлал нийтэлсний дагуу 11-р сарын 29-нд Жоан Гампер болон 11 тоглогч нэгдэн хөлбөмбөгийн Барселона багийг үүсгэн байгуулжээ. Эдгээр 11 тоглогч нь Уолтер Уайлд (багийн анхны дарга), Луйс ДэОссо, Бартомеу Террадас, Отто Канцл, Отто Майер, Энрик Дукал, Пере Габот, Карлес Пухол, Жозеп Льобет, Жон Парсонс болон Уильям Парсонс нар байлаа.

Барселона баг гараагаа амжилттай эхэлж Каталоны цом болон Эзэн хааны цомд амжилттай оролцжээ. 1902 онд Барса Макайагийн цомд түрүүлж анхны цомоо хүртээд зогсохгүй Испанийн эзэн хааны цомын шигшээд Бизкаяа(одоогийн Атлетик Бильбао) багт ялагдаж, 2-р байранд орсон байна. Гэсэн ч багийн санхүүгийн байдал муудаж, 1905 оны Каталоны Лигт түрүүлснээс хойш ямар нэг цом авсангүй. Жоан Гампер клубын ерөнхийлөгчөөр 1908 онд сонгогдсон бөгөөд 1908-1922 оныг хүртэл 25 жил багийн ерөнхийлөгчөөр ажилласан байна. Түүний хийсэн гол ажлуудын нэг бол Барсаг өөрийн цэнгэлдэх хүрээлэнтэй болгосон явдал байв.

1909 оны 3-р сарын 14-нд Барселона багийн " Камп де ла Индустриа " нэртэй цэнгэлдэх 8000 хүний суудалтайгаар нээгджээ. 1910-1914 онд Барселона баг Пиренейн цомд оролцов. Энэ үед баг албан ёсны хэлээ Испани хэлнээс Каталан хэл рүү өөрчилсөн цагаас Барса Каталан үндэстний билэг тэмдэг болжээ.

Барселона баг илүү олон гишүүн, дэмжигчтэй болж (1922 он гэхэд 20000 дэмжигчтэй болсон) шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах хөрөнгөтэй болжээ. Баг "Лес Кортс" хэмээх 22000 үзэгчийн суудалтай (хожим 60000 болж өргөжсөн) цэнгэлдэх хүрээлэнтэй болов. Ж.Гамперийн үед Барселона баг Каталоны цомд 11, Эзэн хааны цомд 6, Пиренейн цомд 4 удаа түрүүлэв. Энэ нь Барсагийн анхны "алтан үе" билээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.