FC Barcelona

Лионель Месси

Нийтэлсэн: Зочин

2024-05-21 20:59

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Тэрээр Аргентины Санта-Фед 1987 оны 6 сарын 24-нд төржээ. Аргентин довтлогчийн хөлбөмбөгийн карер 1995 онд Ньюэллс Олд Бойз багаас эхэлжээ. Тэрээр 2000 он хүртэл тэндээ тоглосны дараа 13 настай бяцхан жаал азаа үзэж хүчээ сорихоор шийдэн Атлантын далайг гаталж Барселонад ирэв. Ингээд 14 наснаас доошхи хүүхдийн багт элсэн орсон байна.

Хүүхдийн багийн нас насны түвшин бүрт Мессигийн ур чадвар ер бусын хурдаар өсөн нэмэгдсээр Барса С, Барса Б, тэр ч бүү хэл үндсэн багийн бүрэлдэхүүнд хүрэх замыг тэрээр хамгийн богино хугацаанд туулан гарч ирсэн юм.

2003-2004 оны улиралд 16-хан насандаа 1-р багийн бүрэлдэхүүнд багтаж анхны тоглолтдоо оролцов. Энэ бол Портогийн Драгон стадионы нээлтэд зориулсан нөхөрсөг тоглолт байлаа. 2004 оны 10-р сарын 16-нд Барселонагийн дэрби Эспаньолтой Олимпик стадионд хийсэн тоглолтод оролцож албан ёсны тэмцээний гараагаа эхэлсэн бөгөөд баг нь 1-0 харьцаагаар ялсан билээ. Энэ улиралд Барселона лигтээ ялалт байгуулсан юм.

Үндсэн багийн хэд хэдэн тоглогчдын ноцтой гэмтлийн улмаас нөөц багаас цөөнгүй тоглогчид дуудагдаж байсан үед Мэсси багийн байнгын нэг хэсэг боллоо. 2005 оны 5-р сарын 1-нд тэрээр Албакете багийн эсрэг тоглолтод гоол хийж Барсагийн түүхэн дэх хамгийн залуудаа хаалганд бөмбөг оруулсан дээд амжилт тогтоож байв. Энэ үед тэр 17 нас 10 сар 7 хоногтой байжээ. Хожим нь энэхүү дээд амжилтыг Бояан Киркич эвдсэн юм.

Голландад болсон 20-с доош насныхны дэлхийн аваргын тэмцээнд түрүүлээд зогсохгүй гоолоороо тэргүүлж, шилдэг тоглогчийн шагнал хүртжээ. 18 настай хүү уг дэлхийн аваргын тэмцээн дэх эрдэнэсүүдийн нэг байлаа. Удалгүй тэрээр шигшээ багийнхаа бүрэлдэхүүн дэх анхны тоглолтоо Унгарын багийн эсрэг хийсэн юм.

Месси үндсэн багийн тоглогчоор Жон Гамперийн цомын тэмцээнд Ювентүсийн эсрэг тоглож 2005-2006 оны улирлыг гайхалтай гүйцэтгэлтэйгээр эхэллээ. Түүнчлэн Сантьяго Бэрнабэу дэх 3-0 харьцаатай мартагдашгүй ялалт, Аваргуудын лигт Чэлсигийн эсрэг Стэмфорд Бридж-д болсон тоглолт зэрэгт чадварлаг тоглолт үзүүлжээ. Гэвч гэмтэл түүнийг улирлын сүүлийн дийлэнх үеийг талбайн гаднаас харахад хүргэсэн юм. Тэрээр лигийн 17, Аваргуудын лигийн 6, Копа Дель Рэй-д 2 тоглолтод оролцож нийт 8 гоол хийжээ.

Дараагийн улиралд Месси амжилтаа дээшлүүлж, өөрийн гоолуудаар дэлхийг дуу алдуулан алмайруулж эхэллээ. Тэдгээрийн нэг нь Эзэн Хааны Цомын төлөөх тэмцээнд Хетафегийн хаалганд хийсэн гоол юм. 2006-2007 улиралд хэдийгээр баг ямар нэг цом хүртэж чадаагүй боловч Аргентин залуу маань "ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин" шагналд 2-р, Алтан бөмбөгт 3-рт нэрлэгдлээ. 2007-2008 онд ахиц дэвшил нэмэгдсээр нийт 40 тоглолтод оролцож 16 гоол, 10 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй дуусгажээ. Тэрээр 2 дахь удаагаа ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчинд дэд байр эзэллээ.

2008-2009 оны улирал түүний хувьд гайхалтай болж өнгөрлөө. Месси Барселона багтайгаа 6 цомыг хүртэж Аваргуудын лигт 2 дахиа түрүүлэн мэргэн бууч, шилдэг тоглогч шагналыг хүртжээ. Клубуудын дэлхийн аварга цолыг хүртсэний дараа тэрээр ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин шагналыг хүртжээ.

2009-2010 онд Месси 47 гоол оруулж Барселона багийн нэг улиралд оруулсан гоолын амжилтыг эвдэн УЕФА-н " Алтан шаахай" шагналын эзэн болсон. 2011 оны 1 сарын 6-нд Лионель Месси багийн анд Шави, Иньеста нарыг тэргүүлэн ФИФА-н оны шилдэг хөлбөмбөгчны шагналыг 2 дахь удаагаа хүртсэн байна.

Үүнээс гадна Месси шигшээ багтаа байнга тоглож 2006 оны Дэлхийн Аваргын тэмцээнд оролцож, мөн 2007 оны Копа Америка-д финалд хүрсэн юм. 2008 оны Бээжингийн олимп-д аваргалж Олимпийн аварга болж, 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа шөвгийн 8-д үлджээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.