FC Barcelona

Испанийн Ла лигийн ажил хаялт

Нийтэлсэн: Зочин

2024-11-28 23:42

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Испанийн Ла лиг ажил хаялтын улмаас хойшлогдох уу?

Испанийн хөлбөмбөгчдийн холбооноос Ла лигийн эхний тойргийн тоглолтуудад ажил хаялт зарлах талаар өчигдөр зарлажээ. Энэхүү мэдэгдлийг гаргахад Испанийн шигшээгийн ахлагч Икер Касильяс, "Барселона”-гийн ахлагч Карлес Пуйоль, мөн "Реал”ын Хаби Алонсо нар оролцсон байна.

Испанийн хөлбөмбөгчдийн холбооны үзэж буйгаар тоглогчдын цалинг цаг тухайд нь олгох учиртай аж. Мөн Испанийн шигшээд дуудагдсан тохиолдолд цалинтай чөлөө олгохыг шаарджээ.

"Үгүй ээ, хөлбөмбөгчид их мөнгө нэхээд байгаа хэрэг биш. Тэд санхүүгийн асуудлаа тогтвортой байлгахыг л шаардаж байна. Өр гэсэн үгээр ам таглаж, цалинг цагт нь тавьдаггүй байдлаа арилгах ёстой” гэж Испаний хөлбөмбөгчдийн холбооны ерөнхийлөгч Луис Рубьялес мэдэгдлээ. Одоогоор Испанийн Ла лигт 200 орчим хөлбөмбөгч нийтдээ 71 сая еврогийн цалинтай тоглодог аж. Ажил хаялтад 200 орчим хөлбөмбөгч нэгдээд байгаа гэнэ. Испанийн Ла лиг энэ сарын 21-нд эхлэх учиртай.

"Хэрвээ Ла лигийн удирдлагатай бид нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй бол тэмцээн эхлэхгүй” гэж Рубьялес хатуу мэдэгдсэн байна.

Харин Ла лигийн ерөнхийлөгч Хосе Луис Астиазаран хөлбөмбөгчдийн энэхүү эсэргүүцлийг ихэд гайхан хүлээн авчээ. "Ажил хаялт зарлах ямар шалтгаан байгааг би олж харахгүй байна. Ер нь энэ хөлбөмбөгчдийн холбоо юун дээр үндэслэн энэхүү шаардлагаа тавьж байгаа хэрэг вэ? Гэхдээ нэгэнт байдал ийм хэмжээнд хүрчихсэн бол ярилцаж, тохиролцохыг хичээнэ” гэж тэрээр мэдэгдсэн байна.

Испанийн олон баг дампуурлын ирмэгт тулчихаад байгаа юм. Зургаадугаар сард явуулсан судалгаагаар Испанийн Ла лигийн багуудын нийт өр 3.43 тэрбум еврод хүрсэн бол нийт орлого дөнгөж 1.61 тэрбумд хүрсэн юм. Үүнээс болж зарим багууд цалингаа хугацаанд нь өгөлгүй олон хоногоор унжих явдал газар авсан ажээ.

Гэхдээ их өртэй багуудын жагсаалтыг Испанийн хамгийн шилдэг хоёр баг тэргүүлж байгаа. Тухайлбал, "Реал” 600 сая еврогийн өртэй бол "Барселона” 548.6 сая еврогийн өртэй ажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.