FC Barcelona

Камп Ноу

Нийтэлсэн: Зочин

2024-11-28 19:52

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав









 
 

 

Камп Ноу



Каталан хэлээр Камп Ноу хэмээн нэрлэгддэг Барселона багийн цэнгэлдэх хүрээлэн нь Испанийн Каталон мужийн нийслэл Барселон хотод байрладаг. Испани, Англи хэлээр Ноу Камп хэмээн дуудагддаг нэр нь "Шинэ талбай” гэж утгачилагддаг.



Уг алдарт стадионыг 1957 онд барьж дуусгасан бөгөөд УЕФАгийн 5 одтой цэнгэлдэх хүрээлэнгийн зэрэглэлд багтдаг. Уг стадионд мэргэжлийн хөлбөмбөгийн олон улсын түвшний олон тооны тоглолт явагддаг байна. Тухайлбал 1999 оны УЕФА-ийн Аваргуудын лигийн финалын тоглолт явагдаж байжээ.

Камп Ноу нь 98772 хүний суудалтай, Европын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн юм. 2000 оноос хойш албан ёсоор Estadi del FC Barcelona (ФС Барселоны стадион) хэмээн нэрлэх болсон ч, фэнүүдийн хүсэлтээр уламжлалт Камп Ноу нэрээ хадгалан үлдсэн байна.

Камп Ноугийн эсрэг талд билүү дээвэртэй, мөсөн талбай бүхий клубын эзэмшлийн танхимын спортуудад зориулсан Палау Блауграна цогцолбор оршдог. Мөн түүнтэй зэрэгцээд Мини Эстади хэмээх Барсагийн Б баг тоглодог жижиг цэнгэлдэх байдаг.

Мөн Барселоны дундрашгүй авъяасын эх булаг Ла Масиа академи, Жоан Гамперын нэрэмжит спорт цогцолбор нь Каталаны нэр төрийн нэгээхэн хэсэг билээ..

1950-аад он гарахад хурдацтай хүчирхэгжиж, хүрээгээ тэлж байсан Барсад шинэ том цэнгэлдэх хэрэгтэй болоод байв. Хуучин цэнгэлдэх болох Лес Кортс нь 60000 хүний багтаамжтай байсан ч 1954-1957 оны хооронд архитекторч Франсеск Митянс-Мири, Лорензо Гарсиа Барбон болон Жосеф Сотерас Ммаури нарын төслөөр шинэ цэнгэлдэх Камп Ноуг барьсан байна.

Цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийг сэтгэл хөдөлгөм сүр жавхлантай хийж, анхны тоглолтондоо Легиа Варшав багийг 4-2 харьцаатай хожиж, анхны гоалыг Парагвай гаралт испани довтлогч Эулогиа Мартинез оруулсан байна.

Чухал тоглолтуудын үед 90000 гаруй хөгжөөн дэмжигчид Камп Ноуд хуран чуулдаг билээ. Цэнгэлдэхийн багтаамжийн хувьд эхлээд тодорхой тогтсон хэмжээ байсангүй. Дунджаар 93000 хүн үздэг байсан бол 1982 оны ФИФА-ийн Дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг 120000 хүн үзсэн байна. 1990-ээд оноос хойш тогтмол хэмжээнд 99000 орчимд барих болсон байна.

Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолборт бэлэг дурсгалын дэлгүүр, дасгал сургууль хийх жижиг талбай, тоглогчдийн хувцас солих өрөө байдаг.

Мөн Барсагийн музейг үзэхээр жил бүр 1,2 сая гаруй жуулчид ирдэг гэсэн тооцоо байдаг. Уг музейг 1984 онд тухайн үеийн клубын ерөнхийлөгч Жосеф Луйс Нунез ёслол төгөдөр нээж байв. Музейд Барселон багийн түүхэн үнэт 1420 гаруй дурсгалт эд өлгийн зүйлс, 420 гаруй уралдаанд түрүүлсэн цом, шагналууд байдаг.

Ирээдүй

Камп Ноугийн 50 жилийн ойд зориулан, дэлхийд алдартай архитекторчдын дунд Камп Ноуг орчин үеийн хэв загвартай болгон шинэчлэх, дахин загварчлах төслийн уралдаан зарлаж, дүгнэсэн байна. Төслийн зорилго нь ХХI зууны хот ба хүрээлэн буй орчныг хамгаалах, байгальд ээлтэй цэнгэлдэх гэсэн үзэл санааг нэгтгэсэн үзэмж сайтай байх ёстой байв.

Гэхдээ цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоог нэмэх бус харин ядаж нийт суудлын 50 хувь нь дээвэр доор орохуйц байхаар шийдэгдсэн байх ёстой гэсэн үндсэн шалгууруудыг хангах ёстой байв.

2007 оны 9 сарын 18-нд Британийн Архитекторч Норман Фостер ба түүний баг Камп Ноуг дахин бүтээн байгуулах эрхийг авсан байна. Түүний төлөвлөгөөгөөр 10000 суудал нэмэгдэх бөгөөд шинэ бүтээн байгуулалтын нийт өртөг 250 сая еврогоор хэмжигдэж байгаа ажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.