2012 онд гэрээ нь дуусахаар "Барса"-г орхих байх гэдгээ дасгалжуулагч П.Гвардьола илэрхийллээ.
Тэрбээр
2008 оны зун "Блауграна"-тай гэрээ байгуулсанаас хойш асар амжилттай
ажиллаж буй бөгөөд хоёрдугаар сард 2011-12 оны улирал дуустал
ажиллах ердөө ганц жилийн гэрээг багтайгаа нэмж байгуулсан билээ.
Түүнийг багаасаа явах яриа яагаад гарах болов гэвэл тэрбээр Италийн Rai
Sport-д доорх утгатай ярилцлагыг саяхан өгсөнөөс үүдэлтэй.
"Барселонад өнгөрүүлж буй үе маань дуусч байгаа. Би энд сайхан л
байна, гэвч үүн шиг багт урт удаан хугацаагаар ажиллах боломжгүй. Ирэх
жил би "Барселона"-д дөрөв дэх жилээ дараалан ажиллах нь. Ийм том баг
нэг дасгалжуулагчийг ийм удаан хугацаанд ажиллуулахын тулд маш их зориг
гаргах хэрэгтэй. Учир нь тоглогчид дасгалжуулагчаасаа мөн дасгалжуулагч
нь тоглогчоосоо залхаж эхэлдэг".
Түүнийг ийн ярьсанаас хойш дараагийн баг нь аль улсын ямар баг байх
талаар таамаг гарч эхэлсэн. Гвардьолаг 2001, 2003 онд Италид тоглож
байсан болохоор "Сери-А"-д ирэх байх гэж буй бол Англид очно, тэр бүү
хэл Сэр А.Фергюсоны орыг залгамжилна хэмээн бичиж буй. Гвардьола өөрөө ч
дахин дасгалжуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн.
"Би одоохондоо Барселонатай гэрээтэй тул үүнийгээ хүндэтгэж өөр багийн
талаар одоо ярихгүй. Харин чөлөөтэй болохоороо өөр багуудтай ярьна,
одоо бол өөртөө тэгэхийг зөвшөөрөхгүй" гэж "Барса"-гийн босс ярьжээ.