FC Barcelona

2011 оны Ла лигийн онцлох үйл явдлууд

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 01:42

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

11. Малагагийн Шинэ Эзэн Мөнгө Цацаж Эхлэв

Буурал Европын урт түүхт хөлбөмбөгийн багуудыг гадаадын, ялангуяа Арабын тэрбумтнууд худалдаж авах нь сүүлийн жилүүдэд жинхэн "моод” болж байна. Испаний хөлбөмбөгийн эзэд, ерөнхийлөгч нар бүгд Испани хүмүүс байсан бол 2010 оны 6-р сард Малага клубыг 36 сая еврогоор Катарын тэрбумтан Шэйх Абдулла бин Нассербин Абдулла Ал Ахмед Ал Тани худалдаж авсан.

2011 онд тэрээр  тоглогчдын наймааны зах зээлд мөнгө хаяж буйгаа мэдэгдэн "хөгшин”, "залуу” од тоглогчдыг даруухан Малага клубтээ авчирсан. Тухайлбал  Голландын гоолын машин Рууд Ван Нистелрой, Испаний  Санти Казорлаг 19 сая еврогоор,  Жереми Тоулаланыг 10 саяар, шигшээгийн гараанд мандаж явсан жигүүрийн тоглогч  Хоакин нарыг.  Мөн дасгалжуулагчаар Чилийн мэргэжилтэн Мануэль Пеллигринийг томилсон.

 

10. Ажил Хаялт

2011 оны намар шинэ улирал эхлэх үеэр Испаний Ла Лигт ажил хаялт бий болсон билээ. Үүнээс шалтгаалан 2011-12 оны улирлын төлөвлөгдөөд байсан эхний 2 тойргийн тоглолтууд цаг хугацаандаа эхэлсэнгүй. Сагсан бөмбөгийн NBA лигтэй зэрэгцэн бий болсон тус ажил хаялт харин "аз”-аар хурдан хугацаанд байхгүй болсон. Энэхүү ажил хаялтын гол учир шалтгаан нь "Ла-Лигийн багууд тоглогчдынхоо цалинг цаг хугацаанд нь олгож чадахгүй байна” гэж Испаний лигийн хөлбөмбөгийн тоглогчдын холбоо мэдэгдэж байсан. Тухайн үедээ клубууд 200 гаруй тоглогчдод 72сая$-ийн цалинг олгох ёстой байсан.

 

Мөн "Реал Мадрид болон Барселона багуудаас бусад 18 баг болон доод лигийн 22 багууд телевизээс олох ёстой ашгаа хүртэж чаддаггүй” хэмээн Барселонагийн их сургуулийн санхүүгийн профессор хүртэл мэдэгдэж байсан юм. Энэ бүх санхүүгийн асуудлууд бий болж байх үед Жозе Моуриньо "энэхүү ажил хаялт бол ноцтой асуудал биш, манай багийнхан шинэ улирлын тоглолтыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгдэж байжээ. Ямартай ч санхүүгийн асуудлаас үүсээд байсан Ла-Лигийн асуудал цэгцэрч 2011-12 оны шинэ улирал эхэлсэн юм.   

 

9. Левантегийн Хувьд Түүхэн Амжилт

Леванте клуб нь 1909 онд байгуулагдсан Испаний хөлбөмбөгийн дээд лигийн дундаж багуудын нэг юм. Тэдний хувьд хамгийн том амжилт нь Испаний 2-р дивизионд 2004 онд цорын ганц удаа түрүүлж үзжээ.  Сүүлийн жилүүдэд гэвэл 2005 онд 1-р дивизионий 18-р байр, 2006 онд 2-р дивизионий 3-р байр, 2007 онд 1-р дивизионы 15-р байр, 2008 онд 20, 2009 онд 2-р дивизионд 8-р байр, 2010 онд 3-р байрт орсноор Ла Лигт эргэн дэвшжээ. Харин өнгөрсөн улиралд тэд Ла Лигийн 14-р байрт орсон бол өнөөдөр 4-р байранд Реал, Барса, Валенси нарын араас нэхэж явна.

2011 оны 10-р сарын 26-ны өдөр улирлын 9-р тойрогт Леванте клуб Реал Сосьедадыг 3-2-оор хожсоноор 23 оноотой хүснэгтийн тэргүүн байранд бичигдсэн. Энэ нь клубын түүхэнд дээд лигийн тэргүүнд бичигдсэн анхны тохиолдол болсон юм. Мөн 2 дараалан тэнцсэний дараагаар 7 дараалан дээд лигт ялалт байгуулсан нь клубын рекорд болсон. Левантегийн энэхүү амжилтын үндэс нь тэдний шинэ менежер Хуан Мартинез болон Эл Заар, Сержио Баллостериос, Рубин Суарез нартай нь холбоотой. Ямартай ч ирэх шинэ жилдээ энэхүү амжилтаа хадгалан үлдэхийг хичээх биз ээ.

 

8.  ЕРИК АБИДАЛЫН ХҮНД ӨВЧИН

2011 оны 3-р сарын 15-ны өдөр Барселона клуб өөрсдийн гарааны хамгаалагч, 33 настай Эрик Абидалыг элэгний хавдар туссан гэж мэдэгдсэн юм. Энэ өвчин нь Франц хамгаалагч болон түүний ойр дотны хүмүүс, багийн андуудад нь хүндээр тусч буй талаар мэдээллэж байсан билээ. Харин 2011 оны 3 сарын 17-д тэрээр хагалгаанд орон амжилттай болсон юм. Тухайн үед Абидал зодог тайлах талаар ч бодож байсан. Гэвч клуб нь түүнийг багтаа байлгасаар онцгой анхаарал халамж тавьж байсан.

Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн Реал Мадрид болон Лион багуудын тоглолт Сантьяго Бернебау цэнгэлдэхэд, багуудын тоглолтын өмнө тоглогчид "Ánimo Abidal" (Хүч чадалтай Абидал) гэсэн өмсгөл өмсөн хүндэтгэл үзүүлсэн нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болсон.

Улмаар 2011 оны 5-р сарын 28-д болсон Аврагуудын лигийн шигшээ тоглолтод Абидал гараанд гаран тоглож баг нь 3-1-ээр хожсон. Цом өргөх мөчид багийнхан нь түүнд ахлагчийн туузыг зүүн өгснөөр Уэмбли стадионд цугларсан 85 мянган хөгжөөн дэмжигчидтэйгээ хамт ялалтын баяраа тэмдэглэн, хүнд өвчиндөө "баяртай” гэж хэлсэн юм.

Мөн өнгөрсөн жил Жозе Моуриньо Испаны Ла Корунагийн онгоцны буудалд гарын үсэг зурж байхдаа хутгалуулсан нь багагүй шуугиан дэгдээсэн билээ.

 

7. Шилдэгүүдийн Шилжилтүүд

Өнгөрсөн жил Испаний лигийн Атлетико Мадрид клубээс Сержио Агуеро 45 сая еврогоор Манчестер Сити баг руу, Хуан Мата 28 сая еврогоор Челси руу, Дэвид де Хеа 25 сая еврогоор Манчестер Юнайтед руу, Боян Кркич 12 сая еврогоор Рома клуб руу тус тус шилжлээ. Эдгээр залуус бүгд л Испаний лигээс гарч ирсэн шилдгүүд боловч өнгөрсөн онд гадны лигүүд рүү өндөр үнээр явчихлаа. Гэхдээ бүгд л тус тусын багтаа голлох үүргийг гүйцэтгэн гайхалтай тоглолтуудыг үзүүлж байна.

Харин Испаний лигт Арсеналын ахлагч Фабрегас Барселонад 40 сая еврогоор, өнгөрсөн оны Европа лигийн мэргэн бууч Фалкао Атлетикод 40 сая еврогоор, Удинезегээс Барсад Алексис Санчез 37.5 саяар, Фабио Коентрао Реалд 30 сая гэсэн багагүй үнэтэй тоглогчид хүрэлцэн ирлээ.

Мөн тааруухан амжилт үзүүлдэг  Малага клуб Санти Казорлаг 19 сая еврогоор, Жереми Тоулаланыг 10 саяар, Монреал, Иско, Хоакин Санчез, Мартин Демичелисийг Байернаас, Рууд Ван Нистелрой Дэвид Гонзалес, Эду Рамос, Эдиньо зэрэг олон сонирхолтой тоглогчдийг элсүүлсэн.

 

6.  РОБЕРТО СОЛДАДО БА ВАЛЕНСИ

Реал Мадрид ба Барселона хэмээх аврага загаснуудтай өрсөлдөж буй Ла-Лигийн бусад багууд өнөө цагт зөвхөн 3-р байрын төлөө л өрсөлддөг гэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Харин тэр өрсөлдөөнд сүүлийн 3- жил ялагч нь байгаа баг бол Валенси. 2010-11 оны улирлын эхэнд багийн гол хүч болох Давид Вилья болон Давид Силва нараа явуулсан. Гэхдээ тэд Хуан Мата болон Солдадо нарын хүчээр 3-р байранд орсон. Улирлын төгсгөлд багийн мэргэн бууч Солдадо нь 18 гоолоор 5-р байранд бичигдсэн. Харин шинэ улирлын эхэнд Хуан Матагаа Челсид өгсөн ч Роберто Солдадо хэмээх залуу дайчныхаа ачаар 3-р байрандаа бичигдэж байна.

Роберто Солдадо нь Реал Мадридын академиас төрөн гарсан ч зээллэгээр явсаар Реалд байр сууриа олж чадаагүй. Харин Валенсигийн тоглогч болсноор 2011 онд Испани, Европ даяар өөрийгөө таниулж байна. 2011 оны улирлын төгсгөлд Хетафе болон дерби Виллерреалыг 5-0-ээр хожиход гоолдсон. 2011-12 оны улирлын эхний тоглолтодоо Расинг Сантадерийн хаалганд 4 гоол оруулсан. Мөн 2011 оны 11-р сард 5 өдрийн дотор 2 хүнд тоглолтыг хийхдээ Реалын хаалганд 2 гоол, Аваргуудын лигт Генкийн хаалганд хет-трик хийсэн юм. 2011-12 оны Ла-Лигт мэргэн буучдын жагсаалтад 11 гоолтойгоор Роналдо, Месси, Игуйн 3-ын л ард бичигдэж байна. Ямартай ч 26 настай Испани довтлогчийн хувьд 2011 он гайхалтай жил байлаа. Түүнийг 2012 оны ЕАШТ-д Испаний шигшээгийн гараанд багтахад гайхах зүйлгүй биз.

 

5.  ЭЛ КЛАССИКО

Дэлхийн хамгийн сонирхолтой, хамгийн олон хүн үздэг "дерби” бол Испаний эзэн хааны Реал Мадрид болон Каталоны нэр төр Барселона багуудын тоглолт болох "Эл Классико" юм. Энэхүү гайхалтай тулаанууд ойрын хэдэн жилд болоогүйгээрээ сонирхолтой, олон удаа давтагдсан нь 2011 он байлаа.

Яагаад Эл Классиког хүн бүр сонирхож байна вэ? Дэлхийн хамгийн баян клубуудын жагсаалтыг 2010-11 оны орлогоороо Реал Мадрид тэргүүлэн, араас нь Барселона бичигдсэн. Дэлхийн бүх мэргэжлийн спортын багуудаас цалингийн хэмжээгээрээ Реал Мадрид, Бөрселона мөн л тэргүүн байранд. Тэдний араас бейсболын Нью-Йорк Яанкис,  NBA-ийн Лос Анжелас Лейкерс, Орландо Мэжик клубууд жагсаж байна. Барселона нэг тоглогчдоо 7,910,737 америк долларын цалинг жилд өгч байсан бол Реал Мадрид ялимгүй бага буюу $7,356,632-ийг нэг тоглогчдоо зарцуулсан байна.

Мөн 2011 оны хөлбөмбөгийн ертөнцийн тоглогчийн хувиар хүртэж болох хамгийн том шагнал FIFA Ballon d'Or-ийн 23 нэр дэвшигчдийн жагсаалтад Барсагийн нийт 8 тоглогч  багтсан бол Реал Мадрид багаас 5 тоглогч нэр дэвшжээ.

Хавар 20-хон хоногт 4 удаа, шинэ улиралд 3 удаа, 2011 онд нийт  удаа 7 Эл Классикогийн тулаан явагджээ. 2010 оны сүүлчийн тулаанд Реал 5-0-ээр бут ниргүүлсэн бол энэ жил харьцангуй өрсөлдөөнтэй, ширүүн тоглолтууд болсон. Үүний гол хүчин зүйл нь Жозе Моуриньо, Криштиану Роналдо, Өзил, Бензема нар Реалыг дэлхийн хамгийн үзүүштэй багуудын 1 болгон сэргээж байгаад оршино.

2011 оны 4-р сард Ла лигийн тоглолтод 1-1-ээр тэнцсэн бол Эзэн хааны цомын финалд Реал 1-0-ээр хожсон. Харин Аврагуудын лигийн хагас шигшээд 2-0, 1-1-ээр хожин Барселона шалгарсан. Мөн шинэ улирлын нээлт болгон Испаний супер цомын тоглолтууд хамгийн сонирхолтой болсон бөгөөд 2-2, 3-2-ийн харьцаагаар мөн л Барса ялсан. Саяхан болж өнгөрсөн Ла-Лигийн 2011-12 оны улирлын тоглолтод Сантьяго Бернебауг Барселона эзэлсэн билээ. Эцэст нь хэлэхэл 2011 онд Барселона ялагч нь байлаа.

 

4. 18 Жилийн Дараа Эзэн "Хаанынхаа” Цомыг Хүртэв

2011 оны оны Эзэн хааны цомын шигшээ тоглолтод мөн л Эл классико бий болсон билээ. Ямартай ч Реал Мадрид 2011 оны "эл классико”-д ялалт байгуулсан цорын ганц тохиолдол нь "эзэн хааны” цомын финалд тохиожээ. Улмаар хамгийн сүүлд 1993 оноос хойш хүртэж чадаагүй байсан  18 жилийн хар цувралаа таслан цомын тэмцээний аврагаар 18 дахь удаагаа тодорсон. Энэхүү цом нь "Галактико 2”-ийн Жозе Моуриньотой цуг хүртсэн анхны түрүү болсон. Харин ялалтын баяраа хөгжөөн дэмжигчидтэйгээ тэмдэглэж байх үедээ Сержио Рамос цомыг автобусанд дайруулснаар багагүй шуугиан дэгдээгээд амжсан билээ.

Испаний хөлбөмбөгийн мэргэжлийн багуудын оролцдог тус тэмцээн 1902 оноос зохиогдож байгаа бөгөөд хамгийн олон  буюу 25 удаа Барселона баг уг цомыг хүртжээ. Улмаар 23 удаа Атлетик Билбао, 18 удаа Реал Мадрид багууд хүртэж байжээ.

 

3. Месси Месси Месси ! 

2009, 2010 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси. Тэр өнөөдөр дөнгөж 24 настай. Гэхдээ 3-дахь жилдээ дараалан хүртэхийн төлөө дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналд Ла-Лигийн бусад шилдгүүд болох Роналдо, Шави нартай хамт нэр дэвшиж байна.

Зөвхөн 2011 оны түүний амжилтаас толилуулья. 2010 оны FIFA Ballon d’Or-ийг хүртээд 2-хон өдрийн дараа Реал Бетисийн хаалганд хэт-трик хийсэн. Улмаар Расинг Сантандерын хаалганд пеналти цохин гоолын баяраа тэмдэглэхдээ дотуурх цамцан дээрээ "Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ” хэмээн бичсэн нь сонирхолтой харагдаж байв. Мессигийн гоолын цуврал үргэлжилсээр хоёрдугаар сарын 5-нд Комп Нау-д  Атлетико Мадридад 3-0-ээр хожигдох хүртэл Барселона лигтээ 16 дараалан хожил байгуулан лигийн рекордыг тогтоосон.

Мөн Аваргуудын лигт Арсеналын хаалганд Месси 2 гоол хийн хагас шигшээд шалгаруулсан. Улмаар хагас шигшээд Реал Мадридын хаалганд 2 гоол, шигшээ тоглолтод Манчестер Юнайтедийн хаалганд гоолдсоноор Аваргуудын лигт түрүүлсэн. Испаний супер цомд Реал Мардридыг нийт 5-4-өөр хожиход Месси 3 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн билээ. UEFA-ийн супер цомд Портогийн хаалганд 1 гоол, Фабрегасд 1 гоолын дамжуулалт өгсөн.

Намарын тоглолтод Осасунаг 8-0-ээр хожихдоо гоолын баяраа 10 настай хам шинж өвчтэй Морокко хүүд зориулсан. Энэ нь түүнийг хэр зэрэг гайхалтай хүн бэ гэдгийг нь харуулж өгсөн билээ.

Лионел Месси 2011 онд Испаний лигийн шилдэг тоглогч , Эзэн хааны цомын тэмцээний мэргэн бууч , Испаний хөлбөмбөгийн холбооны шилдэг тоглогч, шилдэг довтлогч, Аваргуудын лигийн мэргэн бууч, Аваргуудын лигийн финалын шилдэг тоглогч, Клубуудын Дэлхийн аврагын шилдэг тоглогч зэрэг шагналуудыг хүртлээ.

 

 

 

 

2. Роналдогийн Гайхамшигт Рекорд

2011 оны 5-р сарын 15. Энэ өдөр Роналдогийн Реал Мадридын төлөө нэг улиралд хийсэн гоолын тоо нь 51 болсноор агуа Ф.Пушкашийн 49 гоолын амжилтыг эвдсэн юм. Мөн тэрээр улирлыг нийт 53 гоолтойгоор дуусгаснаар Реалын түүхэн дэхь нэг улиралд 50-аас дээш гоол хийсэн анхны тоглогч болсон.

Рекорд тогтоогоод зургаахан өдрийн дараа Роналдо Ла-Лигийн нэг улиралд 40 гоол хийснээр 1951 оны Телмо Зарра, Уго Санчезын 1990 оны амжилтуудыг эвдсэн. Мөн Роналдо 70,7 минут тутамд нэг гоол оруулдаг гэсэн амжилтаар Телмо Заррагийн рекордыг эвдэж чадсан. Ийнхүү Испаний Ла Лигийн мэргэн буучид Марка сониноос олгодог Пичичигийн шагнал болон Европын Алтан Шаахай шагналыг хүртсэн юм.  

 

1. Испаний, Европын, Дэлхийн Аврага Барселона

Барселонагийн ноёрхол дэлхийд тогтож байна, Каталоны нэр төр дэлхий, европыг "чичрүүлж” байна. Эдгээр үгс үнэнээс төдийлөн хол зөрөхгүй л болов уу.

Барселона баг 2011 онд Ла Лигийн цомыг 21 дэхь удаагаа,  Испаний супер цомыг 10 дахь удаагаа, Европын Аврагуудын лигт 4 дэхь удаагаа, Европын супер цомыг 4 дэхь удаагаа, Клубуудын Дэлхийн Аврага цолыг 2 дахь удаагаа тус тус хүртжээ.

Испаний лигт түрүүлэхдээс 13-р тойргоос хойш тэргүүн эгнээнд бичигдсээр 96 оноо хүртэн илт тасархай тэргүүлсэн, Аврагуудын лигийн шигшээ тоглолтод Английн премьер лигийн "маргаангүй” аврага Манчестер Юнайтедийг илт илүүрхэн 3-1-ээр буулган авсан, Клубын Дэлхийн аврагын шигшээд Өмнөд Америк тивийн шилдэг клуб болох Сантосыг 4-0-ээр хожсон юм.

Пеп Гвардиолла удирдагчтай, Лионел Месси, Шави Эрнандес, Карлос Пуйоль, Андрес Иньеста, Жерард Пике, Сеск Фабрегас, Давид Вилья нарын шилдгүүдтэй ФС Барселона баг цомыг "гуйж” биш "гуядаж” хүртэн,  амжилтад "аз”-аар биш "ааг”-аар хүрч байна.  Барселонагийн хөлбөмбөгийн философи дэлхийд шилдэг нь гэж 2011 онд дахин тамгаллаа.

Эх сурвалж www.csports.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.