Урд шөнө Испаний La Liga-ийн 17-р тойрогт учраа таарсан Espanyol-Barcelona клубуудын тоглолт амжилттай явагдаж 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Хүчирхэг өрсөлдөгчдөө хожигдохгүйн тулд "Эспаньол” тоглолтын турш тэмцэж, бүх хүчээ дайчлан тоглосон. Барселона хотын хоёр багийн тоглолт үргэлж сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог уламжлалтай. Барселона клубыг Каталоны баг гэж эрхэмлэн дээдэлдэг ч Эспаньол Барселонаг хэзээ ч Каталоны баг гэж үздэггүй нь энэ дерби тоглолтыг улам сонирхолтой болгож өгдөг билээ.
"Эспаньол” энэ удаад зохион байгуулалт сайтай тоглосны ачаар тоглолтын төгсгөлд гоол оруулж, тоог тэнцүүлж чадсан юм. Эхлээд Сеск Фабрегас 16 дахь минутад тоглолтын эхний гоолы оруулж, "Барселона” тэргүүлж эхэлсэн. Дани Алвес бөмбөг хүлээж авмагцаа давхраар дамжуулалт өгснийг Фабрегас мөргөж гоол болгосон юм.Бөмбөг эзэмшилтийн хувьд Espanyol 38%, Barcelona 62%-тай байсан.
Харин тоглолтын төгсгөлийн мөчид буюу 86 дахь минутад Тьеви захаас хоёр давхараа явсан дамжуулалтыг Альваро Васкес хаалганд цохиж гоол орууллаа.
Энэ тоглолтод 2 багаас найман тоглогч шар хуудас авсан нь тоглолт ширүүн болсныг харуулж байна.
17-р тойрогт Real Madrid талбай дээрээ Granada-г 5:1 харьцаатай хожин 3 оноогоо авсан. Харин Barca Espanyol-ийн талбайд тэнцэн 1 оноотой буцсанаар өнгөрсөн улирлын аварга Каталончууд La Liga-ийн хүснэгтийг тэргүүлэгч Real-аас 5 оноогоор хоцорч эхлээд байна.
"Эспаньол"-"Барселона" 1:1
Гоол: Фабрегас 16, А.Васкес (86).
ЭСПАНЬОЛ: К. Альварес (Касилья 81), Рауль Родригес, Морено, Хорди Амат, Дидак, Ромарик (А.Васкес 65), Верду, Форлин, Вайсс (Хави Лопес 46), Серхио Гарсиа, Бифума.
БАРСЕЛОНА: Вальдес, Дани Алвеш, Пике, Пуйоль, Абидаль, Чави, Фабрегас (Кейта 85), Иньеста, Бускетс, Санчес (Педро 72), Месси.
Шар хуудас: Месси (14), Ромарик (45), Рауль Родригес (70), А.Васкес (76), Серхио Гарсия (86), Хорди Амат (90), Форлин (90), Касилья (90).