Энэ жил үндсэндээ маш хүнд дарамтан дунд өнгөрсөн. Анхнаасаа л ээлж дараалан тэнцээ авч эхэлсэн нь Күлэ нарын сэтгэлийг гонсойлгож байсан. Улирал эхэлэхээс л залуучуудыг ээлж дараалан гараанд гаргаж байсан. Довтлогчийн сонголт улирал дуустал товлогдоогүй. Алэксис, Пэдро, Мэсси, Фабрэгас гэсэн сонголт дээр 2-р багийн залуучууд нэмэгдэж байлаа. Барсагийн акадэми маш өндөр хэмжээнд хөгжсөн учир 2-р багаас ур чадвартай залуучууд ихээр гарч ирдэг. Тийм ч учраас Гуардиола тэднийг таниж мэдэх, цаашлаад багт хэрэгтэй тоглогчид болгохын тулд ээлж дараалан гараанд гаргаж байлаа. Хамгийн сүүлд Эль класико дээр гаргасан нь найдвар тавихаасаа илүү тэднийг дасгах гэсэн нэгэн хэлбэр болов уу. Дараа дараагийн жилдээ хэрэг болох сайн тоглогчийг бэлдсэн жил боллоо гэхэд хэлсдэхгүй байх. Тактикийн хувьд ч ялгаагүй. Үндсэн тактик нэгэн ижил суурьтай хэдий ч гарааны довтлогч бүр дээр суурилагдан өөр өөр болж байлаа. Ингэснээр тогтсон нэг тактикгүй болж багийг төөрөгдөлд оруулж байсан сул талтай. Довтлогчидод давуу тал боловч хагас хамгаалагч нарт хүнд ачаа ирж байна гэсэн үг. Алвэс уламжлал ёсоор нүүрний шугамнаас нөгөө нүүрний шугам хүртэлхи гүйлтээ улирал дуустал сайн хийсэн. Түүний уян хатан тоглолт, хувьсах хөдөлгөөн , гүйлт гээд бүх юм нь надад хамгийн их таалагддаг. Энэ жилийн хамгийн хөдөлмөрч үр бүтээлтэй тоглолт үзүүлсэн нь Алвэс байх. Хамгаалалтын асуудал улиралын төгсгөл хэсэгт асуудалтай болж ирсэн. Адрианогийн орон гаран тоглолт дээр Абидалын бэртлийг нэмбэл зүүн жигүүрийн томоохон асуудал юм. Энэ зуны наймаагаар найдвартай зүүний хамгаалагч авах нь зүй ёсны хэрэг биз ээ. Миний хувьд энэ байрлалд тохирох хамгийн шилдэг сонголт бол Коларов. Алвэс шиг гүйлтийн тэсвэр өндөртэйгээс гадна, уян хатан тоглолттой, яаж гүйхээ хэнээс ч илүү сайн мэддэг. Барсад зоригтойгоор цохилт хийх тамирчин байдаггүй. Цохилоо ч Барсагийн дамжуулалтын хэв маягийг эвдсэн үр дүнгүй цохилт хийдэг учраас Коларов шиг гүйцэтгэл сайтай цохигч маш их хэрэгтэй. Улирлын туршид хувьсах хөдөлгөөн өдрөөс өдөрт ширүүсэж байсан ч өмнө жилээ бодвол үр дүн муутай байлаа. Мэссигийн найдвартай тоглолтыг эс тооцвол довтлогчид найдваргүй, орон гаран тоглолт ихээр хийж байсан. Алэксис улирлын эхний хагаст бөмбөгний чиглэлд бусад тоглогчийн хамт гүйж байсан бол хоёрдугаар хагасаас бөмбөгний чиглэлд гүйлгүй огт дамжуулалтын оролцоо муутай байлаа. Үүний шалтгаан нь төвийн довтлогчийн үүрэг түүн дээр оногдсон явдал юм. Маш зөв зөв гүйлтүүдийг хийж байлаа. Гоолын мэдрэмж сайтай ч цусны довтлогч биш учраас гүйцэтгэл хамаагүй тааруу байсан юм. Бөмбөггүй тоглолт маш сайн хийж байсан гэхэд болно. Хагас хамгаалагчдын үүрэг маш тодорхой. Шави уламжлал ёсоор бөмбөгний чиглэлд гоцлон гүйнэ. Өнгөрсөн жилүүдэд Мэсси баруун жигүүрийн вингэрийн байрлалд гардаг байсан бол энэ жил төвийн довтлогчийн үүргийг хүлээн авсан. Гэхдээ энэ нь үүрэг даалгаврын хувьд шал ондоо байлаа. Иньэста жигүүр барисан тоглолтыг ихээр хийж Шави Мэсси нар бөмбөгний чиглэлд гүйнэ. Харин баруун талд Алвэс төвийн шугамнаас нүүрний шугам хүртэл гүйлт хийнэ. Урд талын хоёроос нэг нь бөмбөгний чиглэлд татаж довтолгооны шугам 4+2оос 5+1 рүү хувьсаж байсан. Барсагийн богинын зайн дамжуулалтанд Санчэз тун бага оролцоно. Хувьсах хөдөлгөөн их шаардсан тактик учир Санчэзийг торгуулын шугамны дагуу чөлөөт гүйлт хийлгэж байлаа. Барса улирлын төгсгөл хэсэгт нэгэн шинэ тактикийг хэрэгжүүлж үзсэн. Энэ нь 4н довтлогчтой хувилбар юм. Барса Хэтафийн эсрэг бүр 4-н довтлогч гаргасан нь олныг гайхашруулж байсан. Хамгаалалтын арын дөрвөлсөн гинж адил довтолгооны дөрвөлсөн гинж үүсгэсэн гэхэд болох байх. Урд талд Тэлло, Санчэз, Мэсси, Пэдро гэж гарч байлаа. Тэлло, Пэдро нар нүүрний шугам дагасан гүйлт хийж байгаа нь анзаарагдсан. Урд талын дөрвөлсөн гинж нь шилжилт хөдөлгөөн ихтэй. Довтолгооны шугам 2+4-өөс 3+3, 2+1+3 болж хувьсаж байсан. Барса өмнө нь ч бас шилжилт хөдөлгөөнийг төгс хийдэг байсан учир энэ удаад ч дөрвөлсөн гинж дээрээ тэр тал дээр түлхүү ажилласан. Жигүүрийн тоглолт сайтай Куэнка, Пэдро, Тэлло нар энэхүү хувилбарт маш сайн зохицоно. Өнгөцхөн харахад дээр үеийн хөлбөмбөг шиг олон довтлогчтой утгагүй хувилбар юм шиг санагдавч яг тулаад үзвэл ойлголцол шаардсан төгс хувилбар. Мөн хамгаалалттай нийлээд ерөнхий тактик 3-5-2 луу чадмаг шилжиж байсан. Лэвантэтэй хийсэн тоглолтон дээр бүр 3-4-3 гэж гарж байсан. Урд талын довтолгоо дөрвөлсөн гинж рүү шилжсэн тохиолдолд Шави Иньэста руу, мөн хамгаалалтын шугамтай харилцан пирамид үүсгэж байсан. Үүнийг л бид бүгдээрээ пирамид хувилбар гэж нэрлээд байгаа.Энэхүү хувилбар нь 3-н хамгаалагчтай учир хамгаалалтыг эрсдэлд оруулж болзошгүй харагддаг. Гэвч үнэндээ хамгаалалтыг илүү найдвартай болгодог талтай. Алвэс бэртэлтэй байсан учир жигүүрт тоглох тамирчин байгаагүй. Түүний оронд ямар нэгэн сонголт хийлгүй шууд хоосон орхисон. Ингэснээр ард талын 3-н хамгаалагч довтолгоонд маш бага оролцох болсон. Угаас төвийн хамгаалалгч нар араас довтолгоо эхлүүлж байсан болохоос торгуулын шугам хүртэл шахалт хийж барсагийн дамжуулалтанд тэгж их оролцдоггүй байсан. Барсагийн хоёр жигүүр довтолгоонд идэвхитэй байсан учир 2 жигүүрээр бага зэрэг эрсдэл гарч байсан. Харин энэ удаад жигүүрийн хамгаалагчгүй хувилбарыг сонгосноор Адриано урагшаа цөмрөх боломжийг хааж эрсдэлд бэлэн байдлыг бий болгосон. Мөн үүн дээр Бускэтс нэмэгдэж байгаа учир хамгаалалт халдашгүй дархан болж байгаа юм. Урд талын шугам хувилбараа олонтаа солиж хувьсах хөдөлгөөнд их орж байгаа. Мөн гүйлтээ солбиж хийх гэх мэт. Довтолгоонд оролцож буй 6 тамирчид ямар ч хувилбараас ямар ч байдал руу хувьсаж чадна. 3+3-аас 2+4, 4+2, 3+1+2, 2+1+3 гэсэн олон хувилбарууд руу олонтаа шилжиж байсан нь бусад багуудыг улам төөрөгдөлд оруулж байсан. Энэхүү хувилбар нь маш цөөн тооны тоглолтонд хэрэгжсэн. Эцэст нь Гуардиола гэрээгээ сунгахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Улирлын туршид гарааны бүрэлдэхүүн туршилтын маягтай байсан. Шинэ дасгалжуулагч Титод тоглогчдийг нээх тэдний тоглолтыг судлах зорилготой байсан болов уу. Мөн улирлын туршид шинэ тактикуудыг туршиж байсан нь яалтчгүй ажлаа орхихдоо бэлдэж байсан нэг хэлбэр байх. Тито Вилановаг нилээн сайн бэлдсэн байх гэж би дотроо бодож байна. Барсагийн энэ улирлыг анализлан үзээд нэр өг гэвэл Туршилтын улирал гэж нэрлэнээ...
Хаалгач: Валдэс
Энэ жилийн түүний үзүүлсэн тоглолт алтан дундаж байлаа. Өндөр хэмжээний тоглолт үзүүлээгүй ч багийн хаалгыг цэвэрхэн манасан. Бага зэрэг орон гарантсаныг эс тооцвол түүнд өгөх үнэлгээ 80 хувь.
Барууны хамгаалагч: Дани Алвэс
Жигүүрийн ур чадвар маш өндөртэй тамирчин. Түүн шиг олон талын тоглолттой барууны хамгаалагчийг дэлхийгээс хайгаад олохгүй гээд хэлчихэд буруудахгүй л болов уу? Алвэсийн хувьсах чадвар маш сайн. Гүйлтийн тэсвэр маш өндөр учир түүнийгээ маш сайн ашигладаг. Талбай дээр барууны хамгаалагчаар гардаг хэдий ч довтолгооны үед хагас хамгаалалтын бүсэд шилждэг. Нэг ёсондоо довтолгооны вингэр хийдэг гэж хэлж болно. Нэг нүүрний шугамнаас нөгөө нүүрний шугам хүртэлхи гүйлтийг 90 минутын туршид маш сайн хийдэг. Энэ улирлын тоглолт маш сайн байсан. Түүнд өгөх үнэлгээ 95 хувь.
Төвийн хамгаалагч: Карлос Пуёл
Багийн ахлагч бас багийн аврагч. Ширүүн гэхээсээ илүү мэдрэмжтэй дайчин тоглолтоороо дэлхийн дээд зэрэглэлийн хамгаалагч болж чадсан тоглогч. Тэр хамгаалалтын хувилбарын гүйлтээ яаж хийхээ маш сайн мэддэг. Дани Алвэсийн олон талт тоглолтыг мэддэг учир түүнд зохицуулж гүйлт хийнэ. Түүнийг урагшаа орсон хойгуур Алвэсийн жигүүрийг авч тоглодог. Мөн төвийн хамгаалалтаа ч бас давхар авна. Мэдээж үүнд маш их тооцоолол мэдрэмж хэрэгтэй. Ямар байдлаар гүйлтээ хийхэв, зогсох байрлал хүртэл маш чухал байдаг. Түүнд өгөх үнэлгээ: 87 хувь
Төвийн хамгаалагч: Жэрард Пикэ
Үл ялиг орон гаран тоглолт үзүүлсэн ч маш сайн байсан. Орон гаран байдаг болохоос туршлага дутсан зүйл Барсад ирэхдээ ч харагдаагүй. Довтолгоонд маш орох дуртай. Пуёлтой гарсан үед сөрөг довтолгооны хамгаалалтан дээр хааяадаа буруу гүйлт хийж гоол алдах шалтгааныг үүсгэдэг. Гэхдээ маш чухал үед хэрэгтэй бөмбөг таслалтуудыг ихээр хийдэг. Түүнийг бэртсэний дараа Каталанчууд түүнийг хамгийн ихээр үгүйлсэн. Мөн түүний хатуу чанга бие чац зэрэг нь Барсад маш их хэрэг болсон. Түүнд өгөх үнэлгээ: 80 хувь
Зүүний хамгаалагч: Адриано
Энэ жил манайд үүнээс өөр сонголт үлдээгүй байсан. Абидал хагалгаанд орсон учир түүнийг орлох цор ганц тоглогч нь яалтчгүй Адриано байсан. Тоглолтын стиллын хувьд Алвэстай төстэй хэдий ч энэ улиралд хамгаалалтанд татаж тоглосон. Нүүрний шугам хүртэл түрсэн тоглолтыг үзүүлдэг ч Барсагийн тактик хувилбарын дэг журмын дагуу хойно үлдэхээс өөр арга байгаагүй. Алвэс урагшаа орсон учир дагаж цөмөрсөн тохиолдолд хамгаалалт эрсдэлд орох аюултай. Тийм учир Гуардиола түүнийг зүүний вингэрийн байрлал дээр зогсож урагшаа хэт их гүйлт хийхийг нь хориглосон. Харин зүүн жигүүрээр довтолгоо явж байгаа тохиолдолд мэдээж жигүүрийн хамгаалагчийн ёсоор нүүрний шугам хүртэл гүйлт хийж байсан. Түүнд өгөх үнэлгээ: 80 хувь
Тасалгааны хагас хамгаалагч: Сэрхио Бускэтс
Барсагий ирээдүйд хэрэгтэй маш гайхалтай тоглолттой залуу. Хатаа ширүүн тоглолттой гэхээс илүү өөрийн өндөр бие, урт хөл зэргээ мэдрэмжтэйгээ гайхалтай хослуулан тоглодог сайн залуу. Реалтай тоглосон тоглолтууд дээр Реалын төвийн шугам тэг заадаг нь энэ залуутай салшгүй холбоотой. Ямар ч довтолгоонтой, ямар ч ур чадвартай тоглогч байсан түүнээс бөмбөг салгаад л өгнө. Түүний өөр нэг нь үүрэг нь тав дахь хамгаалагчийн үүрэг. Хамгаалалтын үед барсагийн хамгаалагчид үндсэн гарааны зогсолтоороо зогсож харин түүн дээр Сэрхио маань 4+1 болж зогсдог. Ингэснээр хамгаалалт илүү найдвартай болдог. Харин довтолгооны үед Алвэс урагшаа орох үед Пуёл дундийг бариж зогсдог. Харин Сэрхио хувилбарын дагуу Пуёлын зогсолтын зайгаар гүйлт хийдэг. Тийм учир мөн л Сэрхио маань энэ тал дээр 5 дахь хамгаалагч хийж байгаа юм. Барсагийн хамгаалалтын шугамын хамгийн гол хүн гэж хэлж болно. Түүний тоглолт Макэлэлэтэй маш төстэй. Түүнд өгөх үнэлгээ: 95 хувь
Төвийн хагас хамгаалагч: Шави Эрнандэс, Андрэс Иньэста
Энэ хоёр тоглогчийн талаар их нурших нь үнэхээр илүүц биз. Тэдний тухай бид бүгд мэднэ. Хүнийг цус тэтгэдэг. Харин цусыг үүсгэдэг гол эрхтэн нь зүрх билээ. Зүрх байхгүй бол хүн амьдарч чадахгүй. Үүн шиг Барсад дамжуулалт байхгүй бол юу ч биш. Дамжуулалтыг нь харин Шави л үүсгэдэг. Нэг ёсондоо зүрх нь Шави, цус нь Иньэста юм уу даа. Ямартай ч Барсагийн бүх довтолгооон арын шугамнаас эхэлдэг. Шави буцсан гүйлтээр довтолгооныг эхэлж ардаас бүх дамжуулалтаа явуулдаг. Бүх дамжуулалт Шавигаар дамжина. Барсагийн тэр олон дамжуулалт зөвхөн Шавигийн л ач гавъяа. Шави гоолын дамжуулалтуудыг нэг их өгөөд байдаггүй. Харин Шави гоолын үндэс суурь, гоолын чухал дамжуулалт явах үндсийг нь тавиж өгдөг. Нэг ёсондоо Иньэстагийн дамжуулах орон зай, Мэссигийн хувийн тоглолт хийх нөхцөлийг нь бий болгож өгдөг гэхүү дээ. Тэдэнд өгөх үнэлгээ: 90 хувь
Баруун жигүүрийн довтлогч: Алэксис Санчэс
Барсагийн урд талын 3-н довтлогч маань тоглолт болгон дээр шахуу байрлалаа өөрчилж тоглодог. Мэсси эхлээд баруун жигүүрт байснаа дараагийн тоглолт дээр төвд, харин Фабрэгас төвд байснаа зүүн лүү ч гэх юм уу? Улирлын сүүл хэсэг рүү Мэсси цэвэр хагас хамгааалагч болж ирсэн бол Алэкси төвийн довтлогч хийсэн. Талбай дээр маш өөртэй итгэлтэй тоглолтыг үзүүлдэг. Бусдад баригдах дургүй. Бусдынхаар биш зөвхөн өөрийнхөө хэв маягаар гүйцэтгэлүүдээ хийж байсан. Хаалганд цохилт шууд хийвэл орохгүй байх гэсэн аюулаас айдаггүй. Түүнд өгөх үнэлгээ: 82 хувь
Төвийн довтлогч: Мэсси
234 гоолыг 24-хөн насандаа хийгээд буй энэ залуугийн талаар хэлэх үг үнэн дээ алга. Түүний уран гоё тоглолтыг юутай ч зүйрлэшгүй. Мөн л гайхалтай мэдрэмжтэй залуу. Бүх зүйлийг сайн тооцоолдог, мөн хурдан сэтгэдэг учраас түүний цохисон болгон байгаа онож цаашлаад гоол болдог. Талбайн төвийн бүсэд гарч байгаа хэдий тэрээр төвийн довтлогчийн үүргийг төдийлөн хийдэггүй. Түрүүн хэлсэнчлэн урд талын гурав маань хоорондоо хувьсаж тоглодог гэж. Мэсси төвийн бүсээс баруун жигүүр лүү чиглэсэн довтолгооныг хийснээр өөрийн гоцлон тоглолтын орон зайг бий болгодог. Ихэвчлэн барууны вингэрийн ажлыг гүйцэтгэнэ. Мөн хойшоо буцаж найруулгын ажилд тус болдог. Төвөөс чухал чухал дамжуулалтуудыг Фабрэгас Санчэз нарт өгөх нь ч бий. Харин түүнийг 16-гаас татаж ухарсан тохиолдолд Санчэс Цэск нар төв рүү орсон гүйлтээ хийж эхэлдэг. Яг үүн дээр л Барсагийн жинхэн ромбон хувилбар гарч ирдэг. Иньэста, Шави-Мэсси-Цэсц, Санчэз гэсэн зогсолт. 2007 энэхүү ромбон хувилбарыг Милан төгс хийсний ачаар аварга авсан. Ромбон хувилбар дээр голд тоглож байгаа тамирчин маш чадварлаг байх ёстой. Тийм ч учраас Мэсси энэхүү байрлал дээр маш зөв тохирдог. Өмнө нь Миланыг түрүүлэхэд Кака энэ үүргийг хийж байсан. Мэссийг төвд гаргадаг шалтгаан нь ердөө л энэ. Ромбон хувилбарыг хэрэгжүүлэх. Улирлын төгсгөл хэсэг рүү хагас хамгаалалтанд гүйл хийж байсан. Түүнд өгөх үнэлгээ: 99 хувь
Зүүн жигүүрийн довтлогч: Цэск Фабрэгас, Тэлло, Пэдро, Куэнка
Барсагийн олон жилийн хүслэн болсон энэ залуу ирснээс хойш Барсагийн уламжлалт хувилбар улам хүчирхэгжсэн. Ромбон хувилбар гэхээсээ илүү 3+3 гэсэн хувилбарт илүү зохицдог тамирчин. Урд талын довтлогчидтойгоо хосолсон довтолгооныг маш сайн хийж чаддаг. Тэрхүү тоглолт нь Чэлситэй хийсэн хариу тоглолтон дээр тод харагдсан. Түүнд өгөх үнэлгээ: 80 хувь
Тэллогийн тоглолтыг бид ихээр шүтэж байлаа. Уран гоё тоглолт нь барсагийн ирээдүй гэлтэй. Эль класикод гараанд гарсан ч сандрал их байсны улмаас маш тааруу тоглосон. Үүнийг эс тооцвол энэ улиралд сайн байсан. Түүнд өгөх үнэлгээ: 80 хувь
Пэдро энэ улиралд талбайд маш бага хугацааг өнгөрүүлсэн. Өнгөрсөн улиралуудад талбайд маш их минутыг өнгөрүүлсэн. Алэксис болон Цэск нар ирснээр түүний байр суурь ганхсан. Түүний улмаас энэ жил хамгийн үр бүтээлгүй тоглосон гэхэд болно. Өнгөрсөн улиралд түүний үзүүлсэн тоглолт энэ жил үгүйлэгдэж байлаа. Түүнд өгөх үнэлгээ: 75 хувь
Куэка үнэлгээ: 78 хувь