Германы Байерн Мюнхэн клубын домогт тамирчин Франц Бэкэнбауэр аваргуудын лигийн финалын тоглолтын талаар яриа өгсөн байна. Тэрээр тус ярилцлагандаа: - Аваргуудын лигийн финалд үлдсэн нь үнэхээр гайхалтай. Би анхнаасаа л энэ зүйлийг зөгнөж байсан. 2010 оны финалд тун тааруу тоглосон. Харин энэ удаад өөр байна гэдэгт итгэж байна. Герман залуучууд маань үнэхээр форм сайтай байгаа. Тэдний ур чадвар Чэлсиг бут цохино гэдэгт итгэлтэй байна. Барсэлона гарч ирсэн бол ялгаагүй л байх байсан байх. Тэдний хэн нь ч байсан адилхан л хүчтэй өрсөлдөгчид. Чэлси ч тэр Барса ч тэр. Барсэлона бол дэлхийн ноймор нэг баг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэдний магнайн дээр явах баг ойрын хэдэн жилдээ гарахгүй. Харин замд хөндөлсөн баг гэж бий. Тэр нь Чэлси байж чадсан. Барса тоглолтын хувьд тэднээс мянга дахин илүү байсан ч үр дүнгийн хувьд тэднээс дэндүү муу байсан. Эцэст нь аль их гоол оруулсан нь хождог юм хойно яаая гэхэв дээ. Байерн харин Барсагийн замд хөндөлсөх баг биш үү үгүй юу гэдгийг Чэлсигээр л шинжих болно. Байерн тэднийг хожвол Барсатай өрсөлдөх цорын ганц баг юм гэж ойлгоё. Дэлхийн тэргүүнд Барсэлона юу Байерн уу гэдэг л байна даа. Харин тэр өдөр энэ жилийн шилдэг нь хэн бэ гэдгийг тодруулах тулаан байх болно хэмээжээ.