Барса сөхөрч Байерн бүдэрч Чэлси аварга боллоо. Тэдэнд баяр хүргэх нь зүйтэй хэрэг байх. Дэлхий нийтээр Роналду Мэсси хоёр гэж мэтгэлцэж байх хооронд Африкийн Хар азарга Чэлсиг чирч чадсан. Сүүлийн жилүүдэд босоо байгаа Барсаг буулгаж, Реалыг сөхрүүлсэн Герман машинуудыг хашрааж орхисон Чэлсид яагаад баяр хүргэж болохгүй гэж. Тийм ээ Би чэлсид дургүй. Гэхдээ тэд Аваргуудын лигт түрүүлэх ёстой шилдэг нь байжээ. Хөлбөмбөгийг зөвхөн довтолгооноор шинжиж болохгүй. Аль их довтолсон нь ялна гэж үгүй. Хүмүүс ихэнхидээ аль их хаалганд цохисон, аль их довтолсон, бөмбөг эзэмшсэн багийг ялагч нь байх ёстой мэтээр хүлээн авдаг болжээ. Одоо цагийн хөлбөмбөг улам л нарийн тактиктай болж байна. Сайн тактик боловсруулсан нь хожих ёстой болохоос дээр үе шиг аль шилдэг довтлогчтой, шилдэг довтолгоотой баг хожихоо болисон гэдгийг энэ жилийн аваргуудын лигээс ойлголоо. Барсагийн хувилбар дэлхийд хамгийн шилдэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин Чэлсигийн хамгаалалт ямар ч өө сэвгүй байлаа. Тэдний энэхүү тактик хувилбарыг дэлхийн хамгийн шилдэг довтолгоо ч сэтэлж чадаагүй. Гурав цохиж гурав нь орж байгаа бол тэднийг азтай биш чадвартай гэх нь зөв. Тэд энэ жилийн хамгийн шилдэг тактикийг боловсруулж чадсан. Чэлси Байерн Барса хоёроос хавьгүй илүү хамгаалалтын тактик боловсруулсан учраас түрүүлсэн. Гуардиола Барсагийн довтолгоог төгс боловсруулдаг шиг Чэлси ч бас хамгаалалтын тактикийг боловсруулж чадсан. Тэд азтай байсан ч аз үүсэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Тэдний тактикт нь багтсан байсан. Чэлси тасархай байлаа. Тэднийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй биз. Гэхдээ Чэлси аваргуудын лигт сайн байснаас лигтээ тааруу байсан. Барсаг энэ жил сөхрүүлсэн баг нь Реал биш Чэлси байлаа. Уналтанд ороод байсан Чэлсиг Робэрто Ди Маттео гэх эрхэмт удирдсанаар Аваргуудын лигт байж боломгүй амжилтыг үзүүлсэн. Чэлсигээс ийм хүлээлтийг хүлээж байсан хүн цөөхөн. Улирлын эхэнд үзүүлж байсан тоглолтууд нь хар дарсан зүүд шиг байсан учир багийн фанатууд нь ч бас итгээгүй байх. Хагас шигшээд Барсэлона хэмээх акулуудтай таарахад Чэлси мултарна гэж Чэлсигийн фанатуудаас бусад нь бүгд бодож байлаа. Тэд Барсэлонагийн тоглолтын эсрэг хувилбарыг биш финалын хувилбарыг давхар бэлдсэн. Тэд анхнаасаа л бүх багт тохирох хамгаалалтын хувилбарыг боловсруулж чадсан. Ди Маттео урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөхийг хүсээгүй. Харин бүх багийн довтолгоогй хамгаалж болох тактикийг боловсруулсан нь нүдээ олсон шийдвэр байлаа. Энэхүү тактикт хэдхэн тоглогч сонгогдоогүй. Ямар ч тоглогч гарч ирсэн хэрэгжүүлж болох хувилбар байлаа. Нийтэд зориулсан хувилбараа баг бүрт тааруулж үл ялиг л өөрчилж байсан. Ди Маттеогийн зөв байсан. Миний хамгийн дургүй баг ялсан, хожсон, сөхрүүлсэн. Миний шар гозойж байна... Миний сэтгэл хөдлөж байна.Нийтлэлийг бичсэн: Э.Ганбаатар